Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-ОНЦ ИХ ХУРЛААР НАМЫН УДИРДЛАГУУДЫН ТҮВШНИЙ МАРГААНЫГ ИЛРҮҮЛЭХ, АРИЛГАХ ШИЙДВЭРҮҮД ГАРСАН-
–Танай нам онц их хурлаа хийгээд удирдлагуудаа сонгочихлоо. Дотоод хагарал, талцал тэмцэл намжиж байна уу. Хурлын өмнөх болон дараах нөхцөл байдал хэр өөрчлөгдөв өө?
-Есдүгээр сарын 27-ны өдөр С.Зориг агсны хөшөөний дэргэд Ардчилсан нам эвлэрлийн их хурлаа зарласан. Э.Бат-Үүл баатар АН-ыг нэгтгэхийн төлөө гэдгээ мэдэгдсэн. Намын их хурлаа зарлаад есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын бүрэн төлөөллийг оролцуулаад намын их хурлаа амжилттай зохион байгууллаа. 1330 гаруй сонгогдсон төлөөлөгчөөс 1280 нь оролцсон. Таван хувь орчим нь их хуралдаа ирээгүй. 97 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хурлаар Ардчилсан намын удирдлагуудын түвшний маргаан, үл ойлголцлын шалтгааныг олж тогтоох, арилгах шийдвэрүүд гарсан гэж хэлж болно.
–Тухайлбал?
-Тухайлбал, үндсэн дүрмийн хороонд орсон орсон өөрчлөлтийг буцаах, дотоод сонгуулийн хороонд орсон өөрчлөлтийг буцаах, энэ хоёр байгууллагын гаргасан шийдвэрийн заримыг нь дэмжих, заримыг нь хүчингүй болгох зэрэг. Мөн Ардчилсан намын хүрээний маргаан гэж ойлгогдож байсан зүйлс болоод УДШ-ээс АН-д тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж АН-ын дарга үндсэн хорооны дүрмийн дагуу сонгуулийн дараа огцорч, улмаар цахим болон цаасан хэлбэрээр явуулсан байдаг. Намын их хурлаар цаасан хэлбэрээр явуулсан сонгууль хүчинтэй. Эл сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилна гэдэг шийдвэрийг гаргаж, улсын дээд шүүхэд зөрчил арилгасан тухай мэдээлэл хүргүүллээ. Мөн намын даргыг бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байгаа.
-Дээд шүүхээс чимээ чагнах л үлдэв үү?
-Хуулийнхаа дагуу УДШ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, бидний өгсөн хүсэлтүүдтэй танилцана. Тэгээд үнэхээр 330 сумын намын удирдлага оролцсон эсэхийг шалгана гэдэгт бид найдаж байгаа. Энэ намын гишүүдийн бүрэн төлөөлөл хангагдаж шийдвэрээ гаргаж уу гэдгийг нягтлах байх. Ингээд 30 хоногийн хуулийн хугацаанд шийдвэрээ танилцуулах ёстой.
-БИ АЛЬ НЭГ ТАЛЫН ХҮН БИШ. НЭГНЭЭ БИТГИЙ ҮГҮЙСГЭЖ ДОРОМЖЛООСОЙ-
-“0.7 хувь хүрэхтэй үгүйтэй хүмүүс цугларчхаад хурал нэртэй зүйл хийсэн, хууль бус” гэх шахуу зүйлийг М.Тулгат тэргүүтэй залуус ярьж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн?
-Уг нь Ардчилсан намын их хурлыг хамтдаа зарласан. Их хурлаа хийж асуудлаа шийдсэн. Олонхоороо шийдвэр гаргах нь өөрөө ардчилал. 95 хувь нь цугларчээ, үлдсэн таван хувь нь ирсэнгүй. Сэтгэл дундуур байна гэж байгаа тэдний зөв. Тэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Маргаж болно. Чөлөөтэй. Хамгийн гол нь ардчиллын төлөө явж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд нэг л зүйл байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Нэг намын тогтолцоо руу шилжиж байгаа энэ шилжилтийг бүгдээрээ нийлээд зогсоогоосой. Нэгнийгээ үгүйсгэж доромжлохоос илүүтэйгээр бид яавал энэ монголчуудад ардчилсан сонголтыг үлдээх вэ. Яавал бид парламентын ардчиллыг бэхжүүлэх вэ гэдэгт санаа бодлоо уралдуулаасай гэж хүсэж байна. Тэгэхээр хуулийн байгууллагад нөлөөлөх гэж оролдоод хэрэггүй. Ардчилсан нам асуудлаа шийдсэн. Энэ намд буруу зүйл гарсаар, байсаар ирсэн. Тэр үед сэтгэлийн хат гаргаасай л гэж бодож байна.
-Өчигдөр та бүхэн М.Тулгатад Ардчилсан намын дэд даргын албан тушаалын санал тавилаа. Хариу ирүүлэв үү. Нэг талаараа та бүхэн эвлэрэх чин хүсэлтэйнх үү, эсвээс албан тушаалаар буулгаж дарж авах тактик уу гэдэг хоёр зүйл уншигдахаар байна л даа?
-Би аль нэг талын хүн биш. Ардчилсан намын жирийн гишүүн. Жирийн гишүүн гэдэг утгаараа есдүгээр сарын 27-нд их хурал зарласныг дэмжсэн. Оролцсон. Их хурлаас гарсан шийдвэрийг хүндэтгэсэн. Тэнд хуучин лидерүүд болох Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг ирж үгээ хэлсэн. З.Энхболд илгээлт илгээсэн. Нам, үүрийн дарга нар болон эмэгтэй гишүүд олноороо оролцсон. Талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцсон. Хурлын дараа үргэлжлүүлэн “Намын гал тогоог бариач ээ” гэдэг саналыг надад тавьсан. Саналыг хүлээж авсан. Түүнээс хэн нэгний талд орох бодол алга. Угаасаа ч орж байгаагүй. Маргаан мэтгэлцээн хийж байгаа хүмүүсийг буруутгах сонирхол ч надад алга. Ардчилсан нам УИХ-ын, орон нутгийн, ерөнхийлөгчийн, нөхөн сонгуульд амжилтгүй оролцлоо. Энэ их ялагдлын дараа бид зүгээр хараад сууж болохгүй гэдэг л зүйл надад бодогдож байна.
–М.Тулгат нар гомдолтой үлдсэн, эсвэл зориудын турхиралт аль нь байж болох вэ. Тэдний ард С.Эрдэнэ гэж танай нөхөд хэлдэг. С.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа буруу хараад зөрүүдлээд суучихлаа. Намдаа нэгдэх албан ёсны санал тавьцгаасан уу?
-С.Эрдэнэ гэдэг хүн намын үндэсний бодлогын хорооны гишүүн хэвээрээ байгаа. Сонгуульд ялагдвал намын даргын албан тушаалаа дэд даргад хүлээлгэж өгнө гэдэг дүрэм бий. Тэр дагуу буусан. Тиймээс нэг дарга байх байхгүйн тухай ойлголт ярих нь илүүц.
-БИ ХАЛУУН ЧУЛУУ АТГАХАД БЭЛЭН. ХӨӨГДӨӨД ЯВАХДАА НАМАА ХАРААЖ БОЛОХГҮЙ-
-Ардчилсан намынхан тэгээд маргаан талцалдаа цэг тавьж чадав уу, тэгээд?
-Ганцхан юмыг ойлго. Л.Гантөмөр генсектэй Ардчилсан нам урдах ажлаа хийнэ. Би хувьдаа намын маргаан мэтгэлцээнд оролцохгүй ээ. Намынхаа ажлыг хийгээд явна. Маргаанаас илүү олон мянган гишүүнээ нэг зүг рүү харуулах нь чухал байна. Ялангуяа гал тогоо барьж буй хүний хувьд. Өөрөөр хэлбэл төрд хяналт тавих, анхааруулах, санал тавих чиглэлд ажиллана. Ардчилсан намын маргаанд ардчилсан намын гишүүд л цэг тавина. Сая нэг цэг тавилаа. Ардчилсан нам хэн нэгний, нэг хоёр хүний нам ерөөсөө биш. Миний зөв, чиний буруу гээд эцэс төгсгөлгүйгээр хоорондоо маргалдаад суух нь утгагүй. Төгсөхгүй. Гэтэл өнөөдөр хүмүүс асар их өрийн дарамтад орж байна. Бидний гарцаагүй санаа зовох зүйл. Парламент, Засгийн газар луу хандсан үйл ажиллагаагаар шахахгүй бол болохгүй нь. Хэзээ мөдгүй батлах гэж буй төсөвт хүртэл хяналт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, задалж танилцуулмаар байгаа юм. Төсвийн алдагдал таван их наяд руу гарчихвал юу болох юм бэ.
–Намдаа шинэчлэл хийж чадах уу, хэр итгэлтэй байна вэ?
-70 оныхон алга болчихлоо гэдэг шүүмжлэл гарсан. АН-ын гал тогоо барь гэдэг чиглэл өгсөн. Хүлээж авсан. Чадахгүй бол хөөгдөөд л явна. Хөөгдөөд явахдаа намаа харааж болохгүй. Хүлээн зөвшөөрөгдвөл биеэ тоож болохгүй. 80, 90 оны залуусыг бойжуулаад гаргаад ирэх нь миний хүсэл. Ингэхийн тулд халуун чулуу атгахад бэлэн байна. Гал руу оръё гэж ч бодсон. Гал руу орохдоо хэрүүл хийхгүй. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг өсгөнө.
-БИДЭНД МАН-ЫГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ТОМ АСУУДАЛ ТУЛГАРААД БАЙНА-
–Шинэ удирдлагууд ямар бодлого хэрэгжүүлж, хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-2024 оны сонгууль болоход 2.5 жил үлдлээ. Хоёр жил нь МАН-ын улс төрийн давамгайлалтайгаар өрнөөд дуусчихлаа. Бидэнд гүйцэж түрүүлэх гэдэг том асуудал тулгараад байгаа. Гүйцэж түрүүлэхийн тулд маш тодорхой стратеги боловсруулах нэн түрүүний даалгавар бий. Чадвал энэ ондоо багтааж гаргах юм. Гурван зүйлийг ажил хэрэг болгоно. Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байя. Монголчуудын амьдралыг үүнээс илүү доош унагахгүй байхын тулд бид юу хийж чадах вэ. Монгол төрийн төлөө ардчилсан нам юу хийж болох вэ. Ямар хууль санаачлах вэ зэргээр бодитойгоор судалж гаргаж ирнэ. Хамтран мэтгэлцээд тодорхой шийдлүүдийг гаргаад явъя гэсэн эрмэлзэлтэй байна. Хоёрдугаарт, боловсрол төвтэй улстөрийн хүчин байя. Энэ хүрээнд намынхаа хүний нөөцийн асуудалд анхаарна. Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан баг сургалтын тодорхой хөтөлбөр гаргаж ажиллаж эхэлсэн. 330 сумаас нэг нэг залууг сургах ажлыг хийж хэрэгжүүлж байна. Мөн 2000-3000 мянган залууг хөгжүүлэх, сургах ажлыг Ардчилсан нам хийхээр төлөвлөж байгаа. Ингэсний үр дүнд сонгуулиар хүн хайдаг ч эцэст нь мөнгөтэй хүмүүс шургалаад ороод ирдэг байдал цэгцэрнэ. Монгол төрийн асуудал үүнд л байна. Өнөөдөр МАН-ын төрийн албанд хийж буй томилгоо, халаа сэлгээг харахад дандаа хоноцын сэтгэлгээгээр хандаж буй нь ажиглагддаг. Гэхдээ бурууг ганц улстөрийн хүчин рүү чихэхгүй. Бид өөрсдөө санаачлаад эмх цэгтэй явна. Тэр тохиолдолд өрсөлдөгч маань ч эмх цэгцэнд орох байх.
Гуравдугаарт, хяналтаа чангатгая. Нэг намын тогтолцоонд хэдийн орсон тул эрх баригчид дураараа аашлах болсон. Дураар аашлаад ард түмний амьдрал сайжирдаг бол хамаа алга. Харамсалтай нь ард түмний халааснаас хулгай хийх тохиолдол асар их гарах боллоо. Үүний эсрэг хяналтыг ганц нам, ганц хүн хийж чадахгүй. Хэдэн мянган хүн нийлж хийнэ. Монголд эзлэн түрэмгийлэл, хүний эрхийн ноцтой зөрчил асар их болж байна. Төр удирдаж байгаа хүний нүд сохордог юм л даа. Сайн сайхнаар хүрээлүүлээд мууг харахаа байчихдаг. Ганц аймгийн бүх сум хар замаар холбогдчихоод байхад дарханы замыг олж харахгүй л байгаа байхгүй юу. Тиймээс бид төрийн буруу шийдвэрээс болж хохирч буй хүмүүсийн талд зогсох ёстой. Ингэхийн тулд залуусын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах шаардлага бий.
-Ирэх оны төсвийг яаран батлах гэж байна. Та шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ирэх оны төсвийн талаар та байр сууриа илэрхийлбэл?
-Бодит байдлаа харъя. Монгол Улс нь ложистик эдийн засагтай улс. Энэ их үнийн хөөрөгдлийг монголчууд даахгүй байна. Хувийн хэвшлүүд эхнээсээ сөхөрчихлөө. Барилгын барааны үнэ 30 хувиар өсчихлөө. Хил нээгээд л чингэлэг бараанууд ороод ирнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Эрээн дэх контейнерүүдийг хэзээ зөөж авч ирэх нь бүү мэд. Асуудлыг бодитоор харах хэрэгтэй байна. БНХАУ хилээ олимп хүртэл хаах нь ойлгомжтой. Засгийн газар попрохгүйгээр бодит байдалтайгаа нүүр тулмаар байдаг. Гэтэл эдийн засгийн цохилтуудыг тооцоолох ямар ч чадвар алга. Тооцоолсон ч УИХ-ын гишүүдийнхээ амбицыг дийлэхгүй байгаа нь муухай үзэгдэл. Гишүүд тойрогтоо ийм юм бариулмаар байна гээд бариад очдог. Гэвч тэр нь баригдахгүй шүү дээ. Учир нь барилгын материалын үнэ 30 хувиар өсчихсөн. Өнөөдөр уйлаад сууж байгаа барилгын компаниуд асар олон байна шүү дээ.
Энэ нь тэр чигтээ ложистикийн алдаа. Гурван жил замаа бариагүй. Бариагүй замаар яаж бараа таваар ирэх юм бэ. Улаанбаатарт барааг нь хүргэж өгөх гээд чадахгүй байгаа тухай Оросын телевизүүдээр гасалж байна. Гэтэл би энд тийм сургууль, ийм цэцэрлэг барилаа гээд гүйлдэх. Ингэж эдийн засгаа алаад байгаа нь эмгэнэлтэй. Баг нарын, тэтгэврийн хөгшчүүлийн цалинг нэм л дээ. Өнөөдөр тэтгэврийн мөнгөөр яагаад ч амьдрахааргүй болчихлоо. Хөгшчүүлтэй хүн сайн мэдэж байна. Тэтгэврийн мөнгөөр долоо хоногийнхоо эмийг ч авч хүчрэхгүй болчихлоо. Юун тэр мах, шөл, хоол унд. Манай аав зурагтаа ч асаахгүй байна. Гэрлээ ч асаахгүй байна. Өвгөчүүлийн амьдрал үнэн доош орсон. 1000 ахмадын дунд ороод судалгаа хийчих.
-АН-ЫН БҮЛГЭЭ МУУ АЖИЛЛАСАН ГЭЭД ДУТУУ ХӨТҮҮГЭЭР НЬ ДУУДАХГҮЙ. ОДОО ДЭМЖИЖ АЖИЛЛАНА-
–МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй гээд зарлачихлаа?
-Үгүй ээ. 2.8 их наядаар барилга барихаа болиод түүгээрээ тэтгэвэр, тэтгэмжээ нэмчих л дээ. Өнөөдөр экспортын замаа сайжруул. Дараа жилээс нь орлого ихэснэ биздээ. Ихэссэн орлогоосоо тэгээд барилгаа барь, цалин тэтгэврээ нэм. Тойрогтоо төсөв авах гэсэн гишүүдийн уралдаан улсыг жинхэнэ ядууруулж байна.Попордог хүмүүсийн цуглаан л гэж харагдаж байгаа шүү. Дундаж давхаргынхан попорлын золиос болчихлоо. Хорхойд хоргүй амьдралаа болгоод байгаа хэсгээ нураагаад байгаа нь үнэхээр харамсалтай. Засгийн газрын гэхээсээ илүү 76 гишүүний хорлонтой үйлдэл. Тэд л тэвччихмээр байгаа юм. Дахиад л сонгогдоно шүү дээ. Заавал улсаа хорлоод сонгуульд ялаад байдаг нь ямар учиртай юм бэ. Өрсөлдөгч нь талын нэгээр тарчихсан байхад айж ичээд байх юу байна.
-Та засгийн газрын үйл ажиллагаанд их л тааруухан үнэлэлт өгч байгаа байх нь ээ?
-Засгийн газар гэхээсээ илүү парламентад тааруу үнэлгээ өгнө. Гишүүд нь засгийн газраа шантаажлаад байна. Үндсэн хууль өөрчлөхдөө төсвийг засгийн газар өөрөө мэддэг байх эрх өгөөгүй. Энэ өөрчлөлтийг хийчхээсэй гэж хүлээж байсан. 76 хүний санал төсөвт тусах нь дампууруулах үндэс болох нь. Дур дураараа л ярина. Нэг зүйл ярихад С.Баяр, Сү.Батболд нартай нэг тойргоос олон удаа сонгогдож байлаа. Тэр хоёрт нэг онцлог бий. Тойрог руугаа төсөв хамж далжганадаггүй. Төрийн ажил тойргийн ажил хоёроо ялгадаг.
–Өнгөрсөн хугацаанд АН-ын сөрөг хүчин тааруу ажилласан гэдэг дүнгээ хэдийн авчихлаа. Яагаад сайн ажиллаж чадсангүй гэж бодож байна вэ?
-Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй. МАН жаран хэдүүлээ. Тэдний ард Засгийн газар, агентлагууд, төрийн албан хаагчид бий. 20 мянга гаруй төрийн албан хаагч энэ жаран хэдэн хүний мэдээллээр хангаж байна. МАН-ын Манай 13 гурвын ард ажлын албаны арван хүн л бий. Ажил хэрэгч болъё гээд байгаа маань үүнтэй холбоотой. Эдний ард арван мянган хүн бэлтгэх, мэдээ мэдээллээр хангах нь бидний ажил. Түүнээс бүлэг муу ажиллаж байна гэх нь харьцангуй ойлголт. Ийм байхад тэднийг дутуу хөтүүгээр нь дуудаад яах юм. Одоо бид бүлгээ дэмжиж, хамтран ажиллаж, мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
-Х.БАТТУЛГА ӨӨР ОЙЛГОЛТТОЙ ЯВЖ БАЙГААД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХҮРТЭЛ АЛДСАН-
–Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ард очоод суучихлаа. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Таамаглал дээр үндэслэн хов ярьмааргүй байна. Ямартай ч Сонгинохайрхан дүүргээс Х.Баттулга нэр дэвшсэн бол ялчхаар байсан. Энэ бол бодитой үнэн. Гэвч нэр дэвшүүлэхгүйгээр зогсоож чадсан байна. Эсвэл өөрөө зогссон байна. Таамаглал төдий зүйл шүү. Өөртэй нь уулзсангүй. Ховоор, сургаар, хандлагаар үнэлэлт өгөх нь буруу. Үүнээс л болж улстөрчид муудалцдаг. Надад одоохондоо үнэн гээд тулгах баримт алга. Хардлагыг дэвэргэж яриад байх утга алга.
–Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Х.Баттулга АН-аас нэр дэвшинэ. АН-аас нэр дэвшихийн тулд АН-ыг үхдэл болгож болохгүй” гэж хэлж байсан юм билээ. Гэтэл яг таны хэлсэн зүйл биеллээ олчихсон юм биш үү. АН-ыг хөшигний араас удирдагч гэгдэж байгаа?
-Ерөнхийлөгч аль ч намаас сонгогдсон бай замын дундаас намаасаа холдчихдог нь жам. Тухайн яриагаараа би “Х.Баттулга Ерөнхийлөгч манлайллаа аваад намынхныгаа цуглуул аа. Бүгдийг нь урьж нэгтгээд бодлогоо гарга. Битгий тараагаад хуваагаад бай. Нам бус гээд зүгээр суугаад байж болохгүй. Ил гар” л гэж хэлсэн санаатай юм. “Би ард түмний ерөнхийлөгч” гээд суувал нэр дэвшиж чадахгүй байгаа биз дээ. Ийм л юм болно. Энэ тухай л ярьсан хэрэг. Хөшигний араас удирдаж чадахгүй. Тиймээс ил гараад яв л гэж байгаа юм. Улстөрийн хүчин нэгдмэл байх ёстой. Бид нэгдмэл байвал ард түмэн биднийг хүрээлнэ. Харамсалтай нь өөр ойлголттой явж байгаад нэр дэвших эрхээ хүртэл алдсан.
–С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний дайны хөлд танай нам үрэгдээд байгаа?
-Дүрэм журмандаа асуудал байсан. Хоёр хүний тэмцлээс болж нам унаж байвал дүрэм нь буруу гэсэн үг. Тиймээс улстөрийн намын тухай хуулийг засах хэрэгтэй. Эл хуульд намуудын дүрмийг зөв тодотгох хэрэгтэй. Ингэж байж улстөрийн нам тогтвортой байх үндэс бүрдэх юм. Ямартай ч хоёр хүн маргадаг юм байна. Дээлээ урагдтал үзэлцдэг юм байна. Түүнийг нь дагаад улстөрийн нам буюу үзэл санаа унаж болохгүй. Тэдний тулаан үнэн ч бай, худал ч бай Ардчилсан намын ритинг 10, МАН-ынх 30 хувьтай байгаа нь бодит үнэн. Зургаан жилийн өмнө эсрэгээрээ байсан.
-УЛСТӨРӨӨС ХОЛДООД НЭГ МЭДТЭЛ ОЧДОГ ГАЗАР Ч ҮГҮЙ, НАЙЗ НӨХӨД Ч ҮГҮЙ БОЛСОН БАЙСАН-
–Та ултөрөөс явснаас хойш мэр сэр ярилцлага өгөхөөс бусдаар бол чамгүй урт хугацаанд нам гүмхэн амьдарч ирлээ. Одоо буцаад улстөрийн карьераа эхлүүлж байна гэж ойлгогдлоо?
-Улстөрч хүний карьер дуусна гэж байдаггүй юм л даа. Өөрөө л дуусгадаг. УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш хэсэг чимээгүй амьдарлаа. Энэ хугацаандаа би эмийн ургамлыг яаж тарьмалжуулах вэ гэдэг судалгаа хийсэн. Яваандаа монголын эдийн засгийг солонгоруулах зүйл бол газар шороо. Ерөнхийлөгч тэрбум мод хөдөлгөөн санаачиллаа. Миний санаагаар бол цөөрмүүдээ дагаад мод тарьж, ногоон бүс байгуулах хэрэгтэй. Туул голын ай савыг тайга болгох хэрэгтэй. Энэ нь миний мөрөөдөл. Урдаас нүүгээд ирж буй цөлжилтийн өөдөөс Хэрлэн голоо дагуулаад цөөрөм байгуулмаар байгаа юм. Мөн эмийн ургамлын аж ахуй хийж болж байна. Асар том зүйл хийчхээд улстөрд эргэн ирж байгаа юм биш. Жишиг зүйл оролдож үзлээ. Болох юм байна.
–Гэр бүлдээ зориулах цаг зав тань нилээн нэмэгдсэн байх?
-Өө тэгэлгүй яахав. Дөрвөн хүүхэдтэй. Миний бага охин л анхны хүүхэд шиг л байлаа. Том гурав нь намайг тоохгүй шүү дээ. Улстөр гэж явсаар бараг өсгөлцөөгүй. Эрхбиш аав минь л гэж боддог байх. Харин отгон охинтойгоо найзууд шиг л байна. Намын их хурал гээд тав хоног уулзаагүй л явна. Амьдрал ингэж л эргэдэг. Яаж охиныгоо харуулах хүн олох вэ гэсэншүү юм бодоод л явна.
–Хүүхдүүдээ хэр зэмлэдэг аав бэ. Хүмүүжүүлэх арга барил тань?
-Хоёр багадаа гурван нас хүртэл нь нэг ч удаа үгэлж үзээгүй. “Боль, бай” гэдэг үг хэрэглэдэггүй. Жаахан ухаан ороход “боль, бай” гэдгийг тайлбарлаж хэлдэг. Арай залуу насандаа “хичээлээ хий” гэж үглэж байсан тохиолдол байлгүй л яах вэ. Харин уурлаж орилж, гар хүрч үзээгүй. Амьдралд ер нь загнуулж үглүүлж үзээгүй хүүхдүүд биеэ даасан, айдасгүй чөлөөтэй сэтгэдэг, сонирхсон зүйлээ олоод харчихдаг юм байна гэдгийг ойлгосон. Хүн эрх чөлөөтэй байж юм сурна. Эцэг эхийн шахалт мэдээж тодорхой хэмжээнд байлгүй л яахав. Гэхдээ дур зоргоор нь байлгаарай гэж хэлэхгүй. Орой үдэш гаргахгүй, муу муухай зүйлийн тухай маш сайн нээлттэй ярилцдаг. “Бусад нь чадаж байхад” гэдэг үг надаас гарахгүй. “Чи бол чадна” л гэдэг. Бас өөрөөсөө доройг дээрэлхэж, эд мөнгөнд шунаж болохгүй гэж л их сургамжилдаг юм
-Цаг зав гарган ярилцсанд баяралаа.













