УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.
-Шинэхэн гишүүн УИХ-д орж ирээд ирэх оны төсвийг хэлэлцээд эхэлсэн. Төсвийн төсөлтэй танилцаж амжсан уу, ямархуу төсөл байна гэж харсан бэ?
-Энэ бол мөчлөгийн эсрэг төсөв байгаа юм. Дэлхийн улс орнууд ч мөчлөгийн эсрэг төсөв баталж байгаа. Гэхдээ ирэх оны төсөвт илүү өөрчлөлт орсон нь эдийн засгийн өгөөж рүү харсан төсөв болсон байна. Тодруулбал, дэд бүтцийн төсөв нь энэ онтой харьцуулахад 7.5 дахин, эрчим хүчинд зориулж байгаа төсөв нь 6.4 дахин илүү байна. Дэлхийн сүүлийн 25 жилийн судалгаанд 200 гаруй академийн ажлыг харахад дэд бүтцэд оруулж байсан төсөв нь 150 хувийн өгөөжийг ирээдүйд өгдөг юм байна. Тэгэхээр дэд бүтцэд зарцуулсан мөнгө нь 1.5 дахин илүү өгөөж өгнө гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр энэ судалгааг үндэслэж харвал эдийн засгийн өгөөж, ирээдүйн өсөлтийг харсан төсөв гэж харж байгаа юм.
-Ирэх жил дэд бүтэц, эрчим хүчинд хамгийн их төсөв тавьсан гэж байна. Тухайлбал, ямар ямар төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр байна вэ?
-Усан цахилгаан станц, экспортыг дэмжих зорилгоор боомт руу очих замуудыг шинээр тавихаар төсөвлөсөн байна лээ. Өмнө нь улсын төсвөөс хийж байгаагүй их зам барихаар төсөвлөсөн байна.
-Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тусгасан. Манай төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол зүйл нүүрсний экспорт. Хил, гааль хаалттай байхад хэтэрхий өөдрөг төсөөлөл биш үү?
-Ирэх жил гаалийн боомтууд дээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах юм байна лээ. Тиймээс ирэх жил 36 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж харж байгаа. 36 сая тонн гэхээсээ илүү дан ганц Тавантолгой биш бусад хувийн хэвшил орчихсон байгаа юм. Манай экспортын орлогын дийлэнхийг уул уурхай бүрдүүлж байгаа ч энэ нь нийт төсвийн орлогын 30-иас доош хувьтай байна. Манай улс эдийн засгаа тэлж, солонгоруулах ёстой. Жишээ нь, дотоодын банк, санхүүгийн салбараа илүү өргөн хүрээтэй хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ.
-Ирэх жилийн төсөв 2.6 их наядын алдагдалтай байгаа. Төсвийг алдагдалгүй батлах боломж байдаг юм уу?
-Дэлхийн бүхий л улс орон төсвөө алдагдалтай баталж байгаа. Манай алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа. Энэ улс орнуудын алдагдалтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт. Дэлхийн улс орнуудын дундаж алдагдал ялангуяа Азийн орнууд долоон хувьтай явж байгаа юм билээ. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газрын бонд гаргана гэж тавьсан байсан.
-Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлж олгоно гэж тооцож байгаа. Уг нь энэ санд 2030 он хүртэл гар хүрэхгүй гэсэн хуультай. Энэ зөв шийдвэл мөн үү?
-Ганц удаа буюу зөвхөн ковидын онцгой нөхцөлд бид байна. Дэлхийд ганц ч улс орон цар тахлыг амжилттай давах бодлого олоогүй байна. Тэгэхээр нэг удаа хүүхдийн мөнгийг энэ сангаас санхүүжүүлье гэсэн ойлголт байгаа юм билээ.
-Ирэх оны төсөвт гишүүн бүрээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авсан. Тойргийн төсвөөс татгалзъя гэдэг хэрнээ бүр нэмэгдүүлээд оруулж ирж байгаа нь зөв үү?
-Тойргийн хөрөнгө оруулалт гэдэг тухайн тойргийн иргэдийн амьдралын стандартыг сайжруулах л хөрөнгө оруулалт. Зам барих, гэрэлтүүлэг хийх, камержуулах, сургууль, цэцэрлэг барих асуудал. Тойргийн төсөв гэдэг гишүүдэд зүгээр мөнгө өгч байгаа хэрэг биш. Зураг төсөл нь батлагдсан цэцэрлэг, сургууль, зам руу л орж байгаа юм билээ. Гишүүд энэ мөнгийг өөрсдөө дураараа зарцуулахгүй.
-Та төсвийн төсөл өргөн барьснаас хойш тангаргаа өргөсөн. Танаас тойргийн хөрөнгө оруулалтын санал авсан уу?
-Өчигдөр /уржигдар/ хотын даргын санал надад шуудангаар ирсэн. Тэгээд саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлчихсэн байгаа.
-МАН, МАХН нэгдэхдээ Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахаар тохирсон гэж тухайн үед мэдээлж байсан. УИХ төсөв баталсны дараа Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна?
-Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэж харж байгаа. Гэхдээ хэзээ хийх, ямар зарчмаар хийхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед хоёр нам нэгдэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж, тохирсон зүйл. Энэ үнэн. Ямар байдлаар өөрчлөлт оруулах вэ гэдэгт одоогоор надад мэдээлэл байхгүй байна. Тодорхой зүйл нь Монгол Улсын ардчиллыг илүү бэхжүүлж улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг ард түмэнд жигд хүртээхэд чиглэх юм.
-Ярилцсанд баярлалаа.













