УИХ-ны нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын түвшинд байвал зүгээр байгаа юм. Д”ан дээл”-тэй сайд байвал ажил явахад хүндрэлтэй. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзсэн бэ. Мөн дэргэд нь заавал нэг агентлаг байх шаардлагатай гэж үзэж байна. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзсэн бэ.
Ажлын хэсгийн дарга, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцийн асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрх. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзаж үзэхээс өөр аргагүй байгаа юм. С.Бямбацогт нарын өргөн барьсан хуульд Шадар сайд Эдийн засгийн хөгжлийн сайдыг хавсарч явахаар санал орж ирсэн. Ажлын хэсэг дээр яриад нэгд, Ерөнхий сайд Шадар сайд давхар хашахыг дэмжихгүй байгаа юм. Хоёрт, өмнө нь Шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж албан бий болгож байсан юм билээ. Тухайн үед нь Ерөнхий сайдын орлогч давхар яамны сайд хийх нь буруу гэж Цэцэд гомдол очиж байсан учраас яамаа татан буулгаж байсан юм билээ. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яамыг дангаараа, гэхдээ үндсэн чиг үүргийн яам байх саналыг ажлыг хэсэг оруулж ирсэн. Энэ яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой агентлаг байх шаардлагатай гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яам байгуулж болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр салбаруудыг мэргэжлүүд удирддаг болчихсон. Мэргэжлийн сайд гэж байхаа больчихсон. Тиймээс шийдэл гаргаж чаддаггүй. Манай улстөрчид мэдэхгүйгээ, чадахгүй ээ мэдэхгүй сайд болно гээд улайраад зүтгэдэг. Сайд болох асар том хүсэлтэй. Үүнээс болоод яамдууд бүтэлгүйтдэг. Бодлого, төлөвлөлттэй асуудлыг авч явж чадах хүн хэд байгаа бол. Өмнө нь энэ салбарт салбарын шилдгүүд байдаг байсан. Гэтэл бид эдийн засагчид аваачид суулгачихсан. Энэ түүх давтагдвал дахиад Эдийн засаг хөгжлийн яам гэж байгуулахааргүй болно. Тиймээс энэ яаманд салбар, салбарын шилдгүүд очиж ажиллах ёстой. 200 хүнээс доош бүтэцтэй байгуулбал энэ яам явахгүй.
Ажлын хэсгийн дарга, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сайд нарыг мэргэжлийн болгох үүднээс “дан дээл”-тэй болгох чиглэл рүү том алхам хийсэн. Тиймээс өнөөдрийн сайд нарын ихэнх нь мэргэжлийн сайд нар байгаа. Энэ яам бодлого төлөвлөлтийн яам, салбар дундын зохицуулалт хийдэг байх юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар энэ яам дэргэдээ эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хүрээлэнтэй байна. Яамны төсвийг бага тавьсан. Ойн агентлагт 12.7 тэрбумын төсөв тавьсан бол энэ яамны төсөв таван тэрбум төгрөг байгаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.













