УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр буюу 10-р сарын 1-нд АН-аас “Одоо боллоо” бүх нийтийн цуглаан зохион байгуулна.
Өнөөдөр /2021.09.30/ Ардчилсан намын зүгээс маргаашийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас Ардчилсан намыг жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг гардуулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: АН аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” бүх нийтийн жагсаал зохион байгуулна. Kopoнaвиpycийн үед 20 орчим их наяд төгрөгийг зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй.
Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулаад ч нас баралт, тохиолдлоороо дээгүүрт орж байгаа. Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляц хоёр оронтой тоо руу дөхлөө. ААН-үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна. Тиймээс kopoнaвиpycийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм” гэлээ.

АН-ын дарга М.Тулгат “Бид долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Бензиний хомсдлыг шийдэх, төрийн буруу зохицуулалтыг нэн даруй халах, хөрш орнуудтай дипломат харилцаа явуулж чадахгүй байгаа Элчин сайд, дипломат албаны ажилчдад хариуцлага тооцох, цар тахлын хууль нэрээр төсвийг хяналтгүй байлгах асуудлыг зогсоож, энэ хуулийг нэн даруй цуцлах шаардлагыг хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар шаардлагуудын хариуг хэлэлцсэнгүй.
Ямар ч хариу авсангүй. Тиймээс бид маргааш төв талбайд эсэргүүцлийн цуглааныг хийх болно” гэв.













