УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 01-ны өдөр эхлэх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан байгаа юм.
Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Cогтyypyyлax yндaaны эргэлтэд хяналт тавих, apxидан coгтyypaxтай тэмцэх тухай хуулийн төсөл, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 24 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр Г.Занданшатар дарга захирамж гаргасан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилна гэж мэдэгдсэн, “Шүгэл үлээгчийн тухай хууль”-ийн төсөл тус дараалал байхгүй байгаа юм.
-“ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДВАЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЛААР ИРГЭД БИЧИХДЭЭ ТЭДНЭЭС “ЗӨВШӨӨРӨЛ” АВДАГ БОЛОХ УУ?
Харин эдгээр хуулийн төслүүдээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн бариад буй
“Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д Үндсэн хуулийн 16.16-д заасан, “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчиж, УИХ, Засгийн газрын гишүүд гээд олны анхааралд байдаг дарга нарт зориулсан байж болзошгүй зарим заалт байгаа юм.
Тодруулбал, Хувь хүний мэдээ.лэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж тусгажээ.
Харин хуулийн төслийн 4.1.6 -д “мэдээллийн эзэн” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүн … ” хэлнэ гэсэн байгаа юм. Улмаар 4.1.1-д “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг” хэлнэ гэжээ.
Товчхондоо,тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд иргэд УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтнуудын талаар сошиал хаягтаа бичихдээ, тэднээс заавал “зөвшөөрөл” авдаг болох нь гэж ойлгогдож байгаа юм.
Цаашлаад, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасан зохицуулалт нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан байгаа юм. Иймд хэвлэлийн мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээнд иргэд хувийн зүгээс сэтгэгдэл бичиж, тодорхойлоод тус мэдээллийг бусадтай хуваалцаж, share хийхийг хориглох байдал ч хуулийн төслөөс харагдаж байгаа юм.













