160 мянган төгрөгийн багцын задаргаа
-Хоёр удаагийн үзлэг оношилгоо, зөвлөгөө /10 мянган төгрөг/
-Хоёр ширхэг хамгаалах хэрэгсэл /20 мянган төгрөг/
-Өдөрт хоёр удаа буюу нийт 20 удаагийн утсаар эсвэл цахимаар хийх хяналт /20 мянган төгрөг/
-Витамин С 1000 мг-тай 20 ширхэг /36660 төгрөг/
-Витамин Д 4000 мг-тай 10 ширхэг /5 мянган төгрөг/
-Есөн ширхэг өвчин намдаах, халуун бууруулах эм /4050 төгрөг/
-Норов 7, Мана 4 багц /31983 төгрөг/
-Цалин хөлс, урамшуулал /32307 төгрөг/
Дээрх задалгааг харвал, санхүүжилтийн дийлэнх нь иргэндээ биш өрхийн эмнэлэгт үлдэж байна. Дээрх тооцооллоос иргэнд шууд очих зүйлсийг тооцож үзвэл 77693 төгрөгт багтаж байгаа юм.
Иргэдийн дунд нь тарифдаа хүрээгүй, “арай ч дээ” гэмээр багцууд байсан ч боломжийн багцтай өрхийн эмнэлгүүд ч байв. Жишээлбэл, зарим өрхийн эмнэлэг koвид 19-ийн эсрэг хамгийн сайн гэгддэг Арбивир, Арбидол, Лянхуа зэрэг эмүүдийг багцдаа багтааж, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд хүргэсэн байна. Гэтэл зарим хороо Витамин Д, С-ээсээ хэтрээгүй байна. Үүнээс гадна өрхийн эмнэлгээсээ эмчилгээний багц авч чадаагүй өөрсдөө эмээ авсан иргэд олон байгаа юм. Харин зарим өрхийн эмнэлэг санхүүжилт дууссан нэрийдлээр эмчилгээний багц өгөхгүй, иргэд өөрсдөө нэхэж, “хэл ам” болж байж авлаа гэж бичсэн байна.

Мөн өрхийн эмнэлгүүд эмчилгээний багц авсан иргэд рүү өдөрт хоёр удаа утсаар эсвэл цахимаар залгаж хяналт хийхэд нэг багц тус бүрд 20 мянган төгрөгийн санхүүлжилттэй байна. Гэтэл иргэд рүү огт залгахгүй, иргэд өөрсдөө залгасан ч утсаа огт авдаггүй, тоохгүй орхидгийг хэлж байна.
Харин энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох гэрээр тусгаарлан эмчлүүлэх 160 мянган төгрөгийн багцад олон төрлийн зардлууд багтаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэрээр “Гуравдугаар сарын 1-ээс долдугаар сарын 1-ныг хүртэл 70 мянган төгрөгийн багц олгож байсан. Долдугаар сараас эхлээд 160 мянган төгрөг болж өссөн. Уг мөнгө зөвхөн иргэдэд шаардлагатай эмчилгээний багцын үнэ биш юм. Эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас хэрэглэл, шатахуун, цалин хөлсний зардал ч мөн багтсан. Тиймээс 160 мянган төгрөг бүгдээрээ өвдсөн иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдана гэсэн үг биш” гэсэн юм.













