Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэндээ хүрч, хэвтсэндээ хонож чадсангүй. Чадсангүй ч юу байх вэ. Тохироонд хүрч, байр сууринаасаа буцжээ. Тэрбээр “Яармагт баригдсан шинэ барилга руу хотын захиргааг нүүлгэхгүй, тус барилгыг бизнес инновацын төв байдлаар ашиглана” хэмээн бардам ам гарч байв.
Гэвч эцэстээ Засгийн шийдвэрээ дагаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хотын захиргааг Яармагт барьсан шинэ байр руу нь 12-р арын 31-ний дотор нүүлгэх шийдвэр гаргажээ.
Энэ бүхний цаана улс төрийн тохироонууд хийсэн нь тодорхой байна. Тодруулбал, хотын захиргааг нүүлгэхгүй гэх тэр үгийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан Д.Сумъяабазараар хэлүүлсэн гэх. Учир нь Д.Амарбаясгалангийн эрх ашиг хот дээр асар өндөр гэдэг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хотын төвлөрлийг бууруулах хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй. Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүлэх хэрэгтэй” гэх байр суурьтай байсан.
Ийнхүү эцэстээ Д.Сумъяабазарыг “дарж авсан” нь өнгөрсөн долдугаар сард баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиараа хотын эрх мэдлийг асар нэмэгдүүлж, тохироо хийсэнтэй холбоотой. Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарыг нэгтгэх, эвлэрүүлэх энэхүү ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийсэн гэх.
Тэд ганц хотын захиргааны байрны асуудлаас санал зөрөлдөөгүй. Өмнө нь Ерөнхий сайд нэг зүйл ярингуут хотын дарга нь сөргүүлж ярих байдал хэд хэд давтагдаж, энэ хоёр таарамжгүй байгаа нь анзаарагдаж байв. Ямартаа ч нэг хэсэг хоёр талд гэдийж байсан хоёр тал нэг эрх ашигт ийнхүү нэгдсэн бололтой. Ямар эрх ашиг байсан нь цаг хугацааны эрхэнд тодрох биз.
ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулийг хөдөө орон нутаг руу нүүлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт НИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг баталлаа” гэх мэдээллийг өглөө.
Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангахыг Хотын дарга Д.Сумъяабазарт, шаардагдах санхүүжилтийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгожээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.













