Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.24) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ниймгийн бодлогын байнгын хороонд харъяалагдаж байсан Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь одоо Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл, цар хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав.

Тэрбээр, тус дэд хорооны үйл ажиллагаа, хамрах цар хүрээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлын дэргэдэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Тус нэгж платформыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй байгуулснаар тогтвортой хөгжлийн бодлогыг улам эрчимжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн, хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн ахлах ангийн сурагчдаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар дуулгав. Нэн тэргүүнд уур амсьгалын өөрчлөлтийн талаар сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулна. Ингэснээр Монгол Улсын Их Хурал хүүхэд, залуучуудынхаа үзэл бодол, байр суурь, эрмэлзэл, мөрөөдлийг нь сонсдог, хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болно гэдгийг онцлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Улсын Их Хурлаас Өсвөрийн парламент байгуулж, Монгол Улсын хөгжилд хүүхэд, залуучуудыг татан оролцуулж байгаа нь чухал болохыг сайшаав. Тэрбээр, бүх нийтийн хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд бөгөөд цаашид ч тэд манлайлагч байх болно. Иймд тус байгууллагаас бүхий л бололцоогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн форумыг зохион байгуулах дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.
ӨДРИН СОНИН: “САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙНД ӨНЖЛӨӨ” НИЙТЛЭЛ – Энэ удаа “Танайд өнжье” булангаа сангийн дэд сайд Х.Булгантуяагийнхаас бэлтгэхээр зорьсон юм. бид лхагва гаригийн өглөө 07:00 цагт түүний хичээллэдэг фитнесст уулзахаар цаг товлов. Болзсон цагтаа бид Novotel зочид буудалд байрлах фитнесст хүрч очлоо. дэд сайд х.булгантуяа гадаадад оюутан байх цагаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч түүнийгээ орхидоггүй. Тэрээр долоо хоногт 2-3 өдөр, заримдаа өглөө эрт зургаан цагаас эсвэл орой ажлаа тараад фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. биднийг орох үед тэрээр дасгалуудаа хийгээд дуусах тийшээгээ хандаж байв. Дасгал хийхгүй бол бие хөшөөд, стресстээд байдаг юм гэлээ.

Ингээд бид фитнессээс хөдөлж, дэд сайд өглөө 8:00-аас эхэлдэг Засгийн газрын ээлжит хурал руу хөдөллөө. Замаараа мөн ажлаараа орж бичиг цаасаа аваад, зарим нэг үүрэг даалгавар өгөөд гарлаа. Ойрд шинэ коронавирусийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрч байгаа тул Засгийн газар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Хурал 2-3 цаг хүртэл үргэлжлэх байх. Гадны хүн оруулдаггүй тул дуусахад нь уулзахаар тохирлоо. Засгийн газрын хурал тарахад зарим яаралтай бичгийг нь ажлаас нь ордон дээр авчирч танилцуулав. Өнөөдөр Засгийн хурлаар Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг иргэддээ уриалж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн байна.
Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Нүүрсний экспорт зогссон, экспортын гол түүхий эдийн үнэ мөн буурсантай холбоотойгоор Сангийн яаманд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж эдийн засаг, бизнес эрхлэгчид, иргэдэд учирч болох санхүүгийн хүндрэл, даван туулах арга замын талаар хэлэлцэн, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Импортоор орж ирдэг зарим хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд онцгой анхаарахад ХХААХҮЯ, дэмжлэг үзүүлэн ажиллахад манай яаманд ч үүрэг болголоо хэмээн тэрээр ярив. Бид хоёр ийнхүү үдээс хойш гэрийнх нь зүг явлаа. Замдаа түүний урд хөршид болон дэлхийн залуучуудын мөрөөдлийн сургуулийн нэг болох Ейлийн их сургуульд сурч байсан талаар яриа өрнүүллээ. Тэрээр хятад, англи хэлээр монголчуудын хэлж ярьдгаар ус цас. Түүний төгссөн сургууль урд хөршийн томоохон хотын нэг болох Уханьд байдаг. Тэр ч утгаараа бидний яриа цаг үеийн томоохон сэдэв болж буй Хятадад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриа өрнүүллээ.













