Саяхан Филиппин улс олимпийн анхны аваргаа өлгийдөн авч, амжилтыг нь үнэлэн хоёр байшин, 660 мянган ам.доллар бэлэглэсэн билээ. Тэгвэл улс орнууд олимпоос медаль авсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ? гэдгийг хүргэе.

Монгол Улс
Хэрэв Монгол Улсын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авбал сар бүр 4 сая төгрөг, мөнгөн медаль авбал сар бүр 3 сая төгрөг, хүрэл медаль авбал сар бүр 2 сая төгрөг тус тус хүртэнэ. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд, нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчдийн шагнал нэмэгдэнэ. Жишээлбэл, Н.Түвшинбаяр олимпоос нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн учир сар бүр 7 сая төгрөг авдаг.
Дэлхий нийт

Улс орнууд олимп, паралимпоос медаль авсан тамирчдадаа дараах мөнгөн шагналыг зөвхөн нэг удаа олгодог. Жишээлбэл, хэрэв АНУ-ын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авбал нэг удаад 37,500 ам.доллар, мөнгөн медаль авбал нэг удаад 22,500 ам.доллар, хүрэл медаль авбал нэг удаад 15,000 ам.доллар тус тус хүртэнэ. Гурван алтан медаль авбал 112,500 ам.доллар(37,500×3) хүртэнэ гэсэн үг.

Малайз улс Монголтой адил олимпийн медаль авсан тамирчиндаа нэг удаагийн мөнгөн шагналаас гадна сар бүр тэтгэмж олгодог. Хэрэв тус улсын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авсан бол 1,182 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 709 ам.доллар, хүрэл медаль авсан бол 437 ам.доллар тус тус насан туршдаа сар бүр хүртэнэ.

Их Британи олимп, паралимпоос медаль авсан тамирчиндаа мөнгөн шагнал олгодоггүй. Харин үүнийхээ оронд олимпоос медаль авсан тамирчин бүртээ 36,000 ам.долларын хуримтлал бий болгодог. Тухайн тамирчин нь энэхүү мөнгийг бэлтгэл сургуулилтандаа болон гадаад руу тэмцээнд явахдаа зарцуулдаг.
Сонирхуулахад, Олон улсын олимпийн хорооны гишүүд олимпийн наадамд уригдан, томилолтын мөнгө гэж 7 мянган ам.доллар авдаг.













