Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, “Ширэн бээлий” клубийн боксчин, ОУХМ цолтой тэрбээр олимпын дэвжээнд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин. Монгол Улсын боксын спортын түүхэнд олимпын эрх авсан түүнээс өөр боксчин үгүй.
Боксын спортоор есөн жил хичээллэж буй, “Ширэн бээлий”-гийн Д.Төрбат багшийн шавь М.Мягмаржаргал хүнд жинд олимпийн эрх авснаараа мөн онцлог.

Жингийнхээ цөөнгүй шилдгийг я.лаад байгаа, ДАШТ-д хүрэл медалийн үзүүрээс атган, V байрт ороод амжсан түүнтэй ярилцлаа.
21 насандаа боксын спорттой амьдралаа холбосон, улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр олимпийн эрх авч, түүхэн амжилтын болсондоо итгэн ядан, бөөн баяр явна гэсээр яриагаа эхлүүлсэн юм.

Улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр энэ жилийн гуравдугаар сарын 18-нд олимпын эрх авснаа мэджээ. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах 23.26 минутийн утсаар холбогдон, түүнд баярт мэдээг нь дуулгасан байна. М.Мягмаржаргалын жинд чансаагаараа эхний 16-д шалгарсан боксчид олимпын эрх авсан. Тэрбээр чансаагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэн, Токиогийн олимпод оролцох болзол хангасан юм.

М.Мягмаржаргал баярт мэдээгээ хамгийн түрүүндээ ээждээ дуулгаж, баярт мөчөө хуваалцээ. Түүний ээж цэргийн хүн. Олимпын эрхээ гуравдугаар сарын 18-нд авч, ээждээ давхар бэлэг барьсан юм. Ингэснээр “Төрийн минь сүлд ивээ” гэж үргэлж залбирч суудаг ээжийнх нь, олимпын дэвжээнд өрсөлдөх сөн, медаль авах сан гэж зорьсоор өдий хүрсэн М.Мягмаржаргалын том зорилго биелсэн юм. Олимпын эрх авсан баярт мэдээг нь сонсоод түүний ээжийн нойр ер хүрээгүй гэнэ лээ. Ялж, ялагдах бүхий л цаг үед дэргэд нь байсан ээж нь хэчнээн их баярлаж, охиноороо бахархаж суусныг төсөөлөхөд ч сэтгэл хөдөлж байна.
Эмэгтэй байтугай эрэгтэй хүн боксын спортоор хичээллэх ямар хэцүүг спортын хүрээнийхэн бүр ч илүү сайн мэднэ. Бэлтгэл ачаалал ихтэй, шантрах үе их гарна. Ийм хүнд спортод тэрбээр 21 насандаа хөл тавьж, амьдралаа холбожээ. Тухайн үед М.Мягмаржаргал есөн настай байж. Түүнийг боксоор анх хичээллэхэд гэр бүлийнхэн нь их эсэргүүцжээ. Ээж нь “Ганц охиноо өдий хүртэл өсгөчихөөд мэдрэл муутай болгочихмооргүй байна” гээд эсэргүүцсэн гэнэ.

Шантрах, больё гэмээр, биеийн тамирын багш хийгээд явъя гэж хүртэл бодогдсон он жилүүдэд Д.Төрбат багш түүнийг түшиж тулан, урам өгч, зөвлөсөөр өдий хүрчээ.
Тамирчны амжилт, амьдрал дардан бус. Бэлтгэлээ хийвэл ажил хийж чадахгүй, ажил хийвэл бэлтгэлээ базааж боломж хомс. Бэлтгэл, спортдоо бүх цаг зав, сэтгэлээ зориулж байж л амжилтад хүрнэ. Амжилт гаргахын тулд ажил хийх боломжгүй байсаар өдий хүрчээ. Мэдээж өнөөг хүртэлх хугацаанд тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд санхүүгийн хүндрэл гарна. Тэр бүхэнд Д.Төрбат багш нь, ээж, гэр бүлийнхэн, хань нь тусалж, дэмжсээр өдий хүрчээ.
Эх сурвалж: eguur.mn













