Чилийн таеквондоч Ф.Агирре kopoнавируcийн халдвар авсны улмаас энэ удаагийн ‘Токио-2020’ олимпод оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь, түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпыг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна. Тодруулбал,
Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпыг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко түүнийг усанд сэлэгчдээс шинжилгээ нь эерэг гарсан цорын ганц тамирчин гэсэн байна. Уг нь тэрбээр Токиод медаль горилж очих тамирчдын нэг байв.
Түүнчлэн Их Британийн таван буудлагын тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Амбер Хилл kopoнaвиpусийн халдвартай нь батлагдсан тул Токиог зорихоосоо өмнө тусгаарлагдаж, олимпыг өнжихөөр болов. “Өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсны дараа би олимпын наадамд оролцож чадахааргүй боллоо. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа ч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдах ёстой болж байна. Одоо бүх зүйлийг дахин эхлэхийн тулд хэсэг хугацаанд завсарлага авахаас аргагүй боллоо’ хэмээн 23 настай мэргэн бууч бүсгүй инстаграмдаа бичжээ.
Европын наадмын аварга тэрбээр Токиод гарцаагүй медалийн төлөө өрсөлдөхөөр байсан ч ийнхүү Парисын олимпыг хүлээхээс аргагүй болов. Тэднээс гадна Недерландын скейтбордчин Кэнди Жейкобс, Чехийн ширээний теннисчин Павел Ширучек, Америкийн волейболчин Тейлор Крабб нар xaлдвap авсан нь батлагдсан тул олимпын наадамдаа оролцож чадалгүй нутаг буцахаар боллоо. Ингэснээр долдугаар сарын 1-нээс хойш олимпын наадамд оролцогчдоос илэрсэн xaлдваpын тоо 91-д хүрээд байна.
Эх сурвалж: МҮОХ













