Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд Монголын хүчтэн, Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ үзүүрлэн, аварга цол хүртлээ. Тэрбээр энэ сарын башёд уналгүй 14 дараалан давж, ёкозүна цолны болзол хангаад байв.

Улмаар өнөөдөр Хакүхо М.Даваажаргалтай түрүү булаалдав. Өмнөх сарын башёд дөрөв дэхээ түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Нагоягийн дэвжээнд түрүүлэх, аварга болох зорилготой барилдсан. Аварга болох зорилгодоо хүрсэн ч тав дахиа түрүүлэхэд ганцхан даваа түүнд дутлаа.

“Исэгэхама” дэвжээний бөх Тэрүнофүжи цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан. Гэвч бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ.

Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, өнгөрсөн сарын башёд озеки цолоо эргүүлэн авсан. Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи. Түүгээр ч үл барам Монголын тав, мэргэжлийн сүмогийн 73 дахь аварга боллоо.













