УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлснээс тоймлон хүргэе.
УИХ -ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:
Төсвийн алдагдлын гол шалтгаан нь долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгийг нэмэгдсэн хэмжээгээр олгох, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой. Мөн 300 мянган төгрөгийг хүн бүрд олгосноос болж төсвийн зардал 2021 онд 1.5 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн. Цаашид төсвийн орлогоо нэмэгдүүлэх, цар тахалтай холбоотой асуудлуудыг шийдэх чиглэлээр экспортоо нэмэгдүүлэх, Замын-Үүдийн ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр цар тахлын тархалт амаргүй байна. Болж байгаа, болохгүй байгаа зүйл ч байна. Улс төржүүлж байгаа зүйлүүд ч байна. Болж байгаа нэг зүйл бол Монгол Улс вакцинжуулалтыг маш сайн хийж байгаа шүү. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэ тогтолцоо руу оруулж байна. Эмнэлгүүд ЭМД-тайгаа уялдуулан санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх боломжийг Эрүүл мэндийн тухай хуулиар олгосон. Одоо харин энэ чиглэлээр хурдтай ажиллах хэрэгтэй. Цар тахлын энэ үед хий улс төржөөд улс орон хөгжихгүй, коронагийн ард гарахгүй.

УИХ -ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
Ирээдүйн өв сангийн үлдэгдэл тодорхойгүй байна. Эндээс тодорхой хэмжээг нь улсын төсвийн зарлагыг хаахад зарцуулсан. 6,900 төрийн байгууллагын зардлыг Төрийн санд төвлөрүүлж нэг зардалтай болгосон. Энэ байгууллагууд нэг дор гүйлгээ гаргадаггүй. Тодорхой үлдэгдэл нь төрийн санд байдаг. Цар тахлын үед ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байж магадгүй. Төсвийн зарлагын дэд хороог хуралдуулах үеэр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд ирээдүйн өв сангийн үлдэгдэл ямар байгааг шалгаж мэдээлэх болно. Уг сангийн үлдэгдэл эрсдэлд орсон байх магадлалтай гэж сөрөг хүчин үзэж байна. Дэд хорооны санал дүгнэлт дээр гоё гоё тоонууд байгаа. Энэ тоог ярихгүй ээ.
2020 онд kopoнaвиpycын эсрэг арга хэмжээнд Улсын төсвөөс гадуур 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний 2.4 их наядыг тайлагнасан, 2.7 их наядыг огт тайлагнаагүй. Тайлагнаагүй хөрөнгийн мөрөөр явахад, 2019 онд хадгаламж 1.2 их наяд, 2020 онд хадгаламж 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Алга болсон зөрүү мөнгө хадгаламж болсон байна. 2020 оны улсын төсөв түүхэндээ хамгийн их буюу 4.8 их наядын алдагдалтай болсон. Дээр нь олон улсын байгууллагын 652 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг юунд зарцуулагдав. Энэ хөрөнгийг сонгуульд зарцуулсан гэж хардаж байна. 2020 онд Монгол Улсын нэг иргэн 29 сая төгрөгийн өртэй болсон.

УИХ -ын гишүүн С.ГАНБААТАР:
5.1 их наяд төгрөгийн зардал гаргаад МАН kopoнaвиpycын өмнө бууж өглөө. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Зарим бүтээгдэхүүний үнэ 39 хувиар өслөө. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин 649 мянган төгрөг, улсын хэмжээнд дундаж цалин 1.3 сая төгрөг байна. Эрүүл мэндийн салбарынхан талбай дээр найм дахь өдрөө жагсаж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингаа хоёр дахин нэмэх шаардлагыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.














