Тэртээ 2008 онд О.Ананд хүү 11-н насандаа нэрт найрагч Б.Лхагвасүрэн гуайн шүлгийг уншсан нь дүрсжиж, олны анхааралд өртөөд байв. Насандаа баймгүй хэвлүүхэн, басхүү хэрсүү өссөн тэрбээр айлын том хүү.
Ижий аавыгаа ажилдаа явсан хойгуур дөрвөн дүүгээ асрахаас эхлүүлээд, үүрэг хариуцлага ихтэй өсчээ. Багаас хөдөлгөөнтэй, басхүү спортод дуртай тэрбээр туйлын сониуч нэгэн. Тиймдээ ч сонирхож шохоорхсон бүхнээ туршиж, өөрийгөө сорьсоор явсан нь түүнийг шүлэг унших, цаашлаад урлагтай учруулсан гэхэд буруудахгүй. Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа:
“Тухайн үед “Kiss ФМ”-ийн захирал н.Өнөрөө ах “Бас л завгүй-1” тоглолтод надаар шүлэг уншуулъя хэмээн санал тавьж байлаа. Анхныхаа тайзанд гараад унших шүлгээ мартаж, нэг хэсэг цочролын байдалтай дуугүй зогссон. Микрофон барьсан гар, өвдөг гээд бүхий л бие маань сандарсандаа дагжин чичирч байсныг одоо ч тод санадаг.

Духны хөлс урсаж, бүр дусалж байлаа. Гэтэл тайз дүүрэн үзэгчид надад урам өгч, алга ташихад эрхгүй зориг орсон. Тэгээд л амьсгаагаа гүнзгий авч байгаад шүлгээ дахин эхлүүлж, уншиж дуусгасан. Анхны тайз надад маш их урам өгсөн” хэмээн хэлэхэд түүний хоолой үл ялиг чичирч байсан юм.
Бидний яриа түүний хүүхэд нас, ижий аавын тухай үргэлжлэв. О.Анандын аав насаараа замын цагдаад ажилласан бол ээж нь телевизийн зураглаач мэргэжилтэй аж. Хэдий урлагаас хол гэр бүлд өссөн ч, түүний урлагтай холбогдсон нь түүх нь хувь төөрөг гэлтэй. Сургуулийнхаа бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхтэй хүү тэрбээр “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудад чин сэтгэлээсээ дурлан оролцдог байжээ.
Магад түүнийг дунд ангид байхаас л шүлгийн авьяас нь тодорсон аж. Ийнхүү шүлгийн авьяасаа хөгжүүлэхээр “Шаанс” агентлагт Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, гавьяат жүжигчин У.Батбаатар нарын удирдлага дор суралцаж, шүлэг яруу найрагт эрхгүй татагдсан байна.

“Шүлгээ уншихдаа би сэтгэл хөдлөлгүй, нэг л хоосон уншаад байсан. Тэр үед найруулагч минь надад ээжийгээ бодоод, нүдэндээ төсөөлөөд унш хэмээгээд бид хэсэг ярилцсан. Жүжигчний дөргүй намайг эхний 2-3 оролдлогоор л шүлгийг амжилттай уншуулсан учир би тэр хүнд баярлаж бас талархаж явдаг. Ингээд найруулагчийн хэлснээр шүлгээ дотроо төсөөлж, ээжийгээ бодоод уншсан. Өөрийн эрхгүй л нүднээс нулимс дуслаад шүлэгтээ бүрэн орсон байлаа.
Шүлгийн агуулга гүн гүнзгий. Унших бүрийд дотор гуниг төрдөг. Тиймээс би энэ шүлгийг олон унших дургүй. Уншсаар байвал эрүүл саруул ижий минь өвдчих юм шиг санагдаад сэтгэлд хөндүүр сэвтэй байдаг тул одоо ч эмээдэг” хэмээн санаа алдлаа. Тиймээс ч шүлгийн тухай цаашид асуусангүй. Харин энэ удаа дүрсжүүлсэн шүлгээ анх үзээд төрсөн сэтгэгдлийг асуулаа. Дууны өнгө үл ялиг цаашаа орж, шүлсээ залгина.
Ингээд тэрбээр “Бага зэрэг ичсэн гэх юм уу. Хэдийгээр бусад хүмүүс, ангийнхан гоё гэж байсан ч, хүн өөрийгөө хараад алдаа дутагдлаа олж хардаг юм билээ. Надад тухайн үед маш дутуу л санагдаж байсан. Ингээд дараа, дараагийн удаа илүү сайжирна” гэх урам зориг орж байлаа. Ямартай ч их сайхан дурсамж үлдсэн” гэлээ.













