Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон Улаанбаатар хотод халдвар авсан иргэд нь эмнэлгийн ороо булаацалдаж, түүнээс ч хүндээр өвчилсөн эдийн засаг нь эргэж сэхээ авалгүй дараагийн хөл хориондоо орох гэж буй.
Вирусийн нэрийг барьж ээлж дарааллан гаргах буруу зөв нь мэдэгдэхгүй олон шийдвэрүүд ард иргэдийн амин судсыг могой адил ороон, хэсэг суллаж, хэсэг боосоор бүтэн жилийн нүүрийг үзлээ.
Вирусыг тогтоох гэж оролдох бүрдээ улам дордуулаад байдаг засгийн газар маань дөрвөн удаагийн зовууртай алдаанаасаа огт суралцсангүй дахин хөл хорих талаар хэлэлцэж байна. Боловсролын салбар, эдийн засаг, импорт, экспортоо золиослон байж тогтоосон хөл хорионых нь дүнд хүний амь нас аврагдах нь битгий хэл 460 амь үрэгдэж, 98,000 хүн халдвар авчихаад байгаа.
Монгол Улсад kopoнaвиpycийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 12-ны өдрөөс нь тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Тухайн хөл хорионы үед долоон өдрийн дундаж халдварын тоо 3-33 хооронд хэлбэлзэж байсан.

Арван хоёрдугаар сарын 14-нөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.
Улаанбаатарын хэмжээнд арван хоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн хэсэгчилсэн хөл хорио тогтоож байв.
Хоёр дахь удаагийн хөл хорионы үеэр 15 чиглэлийн үйл ажиллагааг л зөвшөөрсөн байсан юм.
Тухайн үед халдвар долоо хоногийн дунджаар 19-25 тохиолдол байлаа.
Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай дахин хатуу хөл хорио тогтоохоор болсон.
Энэ үед Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үеэр халдварыг 3-4 дахин бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.
Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна. Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана” гэж байв.
Хөл хориог хэрэгжүүлж эхэлсэн өдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн kopoнaвиpycийн нийт тохиолдол 2,207 байснаас 1,618 нь эдгэрсэн буюу 589 хүн эмчлүүлж байсан. Хоёрдугаар сарын 23-н гэхэд 131 тохиолдол нэмэгдсэнээр хатуу хөл хорио дууссан.

Улмаар хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд АстраЗенека вакциныг өөртөө тариулснаар Монгол Улсад вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцээд кинотеатр, үсчин, фитнесс, үзвэр гээд олон улсад халдварын хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн бүх төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх дэлхийгээс зөрсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээхээр шийдсэн юм.
Дээрх шийдвэрүүдийн үр дүнд гуравдугаар сарын 6-9-нд УДЭТ-т тоглогдсон “Анна Каренина” жүжгийн баг, театрын ажилчдаас 54 тохиолдол батлагдаж, 900 гаруй үзэгчийг шинжилгээнд хамруулахад хүрэв.
Ийнхүү энгийн амьдралдаа шилжээд хагас сар ч бололгүй халдвар Улаанбаатараас хальж орон нутагт дэгдэн, нөхцөл байдал улам хүндрэв. Ийм эрсдэл өндөр байсныг ЭМЯ, ХӨСҮТ-ээс удаа дараа сануулсан байдаг.
Анхны н.а.с б.а.р.а.л.т 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд тохиолдсон бол 2021 оны дөрөвдүгээр сарын 5-наас нас баралт өдөр бүр тасралтгүй бүртгэгдсээр байгаа юм. Ийнхүү нас баралт өдөр бүр бүртгэгдэхээс өмнө нийт 15 хүн амиа алдсан байснаас дөрөв нь өөр өвчний шалтгаанаар эндсэнийг ЭМЯ мэдээлж байв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70%-д хүрвэл долдугаар сараас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орно гэж мэдээлж байв. Гэвч Засгийн газар дээрх шийдвэрээсээ нэг хоногийн дараа вакцинжуулалтыг 15 хоног зогсоож байгаагаа мэдэгдсэнээс гадна тун хоорондын зайг 56 хоног болгон сунгаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь татан авалттай холбоотой гэдгийг тайлбарласан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Нийт халдварын тохиолдол 100,000-д дөхөж, БНХАУ-ын үзүүлэлтээс давав. Н.а.с б.а.р.а.л.т 500 дөхөж, эмчлэгдэж 30,000 гаруй хүнээс 226 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлсэн. Өдөрт халдварын тохиолдол 2,000 давж батлагдаж байгаа ба орон нутагт халдвар улам эрчимжсээр байна.
Учир битүүлэг олон шийдвэрүүд ард түмнийг л туйлдуулахаас халдварын нөхцөл байдлыг барьж чадсангүй. Зун гэхэд өдөрт 10 хүрэхгүй тохиолдол гардаг болно гэж амлаж байсан ч начир дээрээ 2000-аас буухгүй л байна.
Хорьсоор, хорьсоор “хөлгүй” болсон Улаанбаатар хот минь.













