УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар өнгөрөгч оны есдүгээр сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Ингэхдээ Үндэсний бичиг соёлын өдрүүд буюу олон нийтийн нэрлэж заншсанаар номын баярыг амралтын өдөр тохиолдуулан тэмлэглэлдэг болгох агуулгыг нэмсэн байдаг. Тодруулбал, жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уг баярыг тэмдэглэдэг болгохоор хуульчилсан байгаа юм.
Энэ нь ажлын өдрийг амралтын өдөр болгох биш, бямба, ням гарагийн амралтын өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг болгох агуулгатай гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг онцолж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үүгээр гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.













