“УБ Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан өнөөдөр /2020.04.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
“Сонгдо эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарч, нийгэмд дуулиан үүсгэлээ. Юуны өмнө олон нийтийг айлгаж, сандралд автуулсандаа хүлцэл өчье.
Түргэвчилсэн оношлуур нь цусанд өвчний вирус байна уу, үгүй юу гэдгийг шинжилдэггүй. Харин вирусийг устгах үүрэгтэй эсрэг биет уураг үүссэн байгаа эсэхийг шинжилдэг. Хүний биед аливаа өвчний вирус нэвтрэхэд түүнийг устгахын тулд тодорхой уурагт бүтэц бүхий эсрэг бие үүсдэг юм. Харин PCR оношлуур нь яг вирусийг илрүүлдэг учир илүү баталгаатай.
Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан гэдэг нь өвчтөний биед коронавирусийн эсрэг үйлчлэх эсрэг биет үүссэн байсныг гэрчилж байна. Тэгэхээр энэ хүн өмнө нь коронавирусээр өвчлөөд, одоо эдгэсэн байх магадлалтай. Эсвэл оношлуур худлаа заасан байх бас нэг магадлал байна.
Хэрэв тусаад эдгэсэн бол сайн л байна. Хүн амын дотор тархаж, дархлаа тогтож эхэлсэн байвал сайн хэрэг” гэлээ.
Х.ЭРХЭС