Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна. Ингэснээр сард төлөх зээлийн хэмжээ 20 орчим хувиар буурах тооцоолол гарчээ.
Хэрэглээний зээлд: Арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарах юм байна.
Түүнээс гадна өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гарч, шинээр олгох зээлийн өр орлогын харьцааг тооцох аргачлалд өөрчлөлт оруулж байгааг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээллээ. Өмнө нь хэрэглээний зээл олгохдоо тухайн зээл хүссэн иргэний орлогыг харгалздаг байсан бол одооноос өрхийн бусад гишүүний орлогыг тооцдог аргачлалыг эхлүүлэх аж.