Өчигдөр /2020.04.08/ орой загвар өмсөгч А.Чингүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан лайв бичлэг хийж, 10 орчим залуус биед нь зүй бусаар халдсан тухай мэдээлсэн. Түүний нүүрэн хэсэг хөхөрч, хүнд зодуулсан нь бичлэгээс харагдаж байв.
А.Чингүүнийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганболдын нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар тэрхүү 10 орчим залуус зодсон гэдэг тайлбарыг тэр өөрөө хийсэн. “Би Т.Ганболд гэдэг хүнийг хүндэлдэг. Түүн рүү дайрах шалтгаан надад байхгүй. Ийм байхад намайг олуулаа нийлж зодлоо” гэсэн утгатай зүйлийг А.Чингүүн ярьсан юм.
Харин өнөө өглөө тэр нүүр хуудсандаа эмнэлгийн рентгэн зургаа байршуулж, нүдний ухархай цөмөрсөн, сохрох магадлалтай гэх эмчийн дүгнэлт гарсан талаар бичжээ. Удалгүй үүнийгээ устгасан байна. Загвар өмсөгч А.Чингүүн болон УИХ-ын гишүүн Н.Учрал нарын садан төрлийн холбоо ч мөн болсон үйл явдалд холбоотой гэх байр суурь сошиал орчинд харагдаж байна.