Коронавирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буйтай холбогдуулан, Засгийн газраас ААН-үүд рүү чиглэсэн долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд, ААН-үүдийг зургаан сарын хугацаанд 26 хувийн НДШ төлөхгүй байх зохицуулалт багтсан юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ,
- Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
- Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
- Тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ–ээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.04.06/ УИХ дахь МАН–ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Вирусийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Тэгэхээр НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой. Төрийн албан хаагчид, Төрийн өмчит ААН-үүд, тендер зарлагддаг компаниудыг ч бас НДШ чөлөөлөлтөд оруул“ гэсэн байна. Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярилцаж байгаа юм.