Шинэ коронавирусийн халдвартай холбоотой гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 нь гэртээ архи ууж, агсам согтуу тавьсны улмаас эрүүлжүүлэх байранд очих хэмжээнд хүрсэн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээллээ.
Тусгаарлалтаас гарсан иргэн эрүүлжүүлэх хэмжээнд хүрнэ гэдэг олон хүнд эрсдэл үүсгэх учраас энэ мэт зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Мөн гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой иргэд энэ үүргээ биелүүлэхгүй энэ мэтчилэн байх тохиолдолд гэрийнх нь үүдэнд “Тусгаарлагдаж байгаа” гэх мэдээллийг байршуулан, хөршийн хяналтыг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-ний хооронд тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан. 616 иргэн гэрээр хяналтад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд байна.