Европт коронавирусийн халдвартай эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дарамт үүсгэж байгаа аж.
Итали улсад гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 9000 орчим эмч, сувилагч covid-19-өөр өвчилжээ. Тус улсын эмч нарын холбооны мэдээлснээр 63 эмч нас бараад байна. Эмнэлгийн ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулж, амны хаалт болон хувцас хэрэгслээр хангахыг засгийн газраас шаардаж буй.
Харин Испани улсын хувьд даваа гарагийн байдлаар 85195 хүн халдвар авснаас 14 хувь буюу 12298 нь эмнэлгийн ажилтнууд аж. Тус улс халдварын нийт тоогоор Хятадыг гүйцсэнээр АНУ, Италийн дараа жагсаж байна. Испани улсад гуравдугаар сарын 14-нөөс эхлэн орон даяар хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа. Энэ дундаас Мадрид, Каталони хотууд хямралд хамгийн ихээр өртөж байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.