УИХ-ын сонгуульд намуудаас “гуя дагасан хүзүү” мэт хүмүүс цөөнгүй нэр дэвшсэн. Тэдний нэг нь
одоогийн парламентаас улирч үлдэх гээд “чичирч” яваа Н.Наранбаатар.
Үндсэндээ хуулийн хамгаалалтад орж, “хар гэр”-т очихгүйн тулд л дахин нэр дэвшиж байгаа гэсэн үг.
Уг нь МАН нүүрсний болон Хөгжлийн банкны хулгай зэрэгт холбогдсон хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн ч говийн бүсийн хамгийн том аймгийг тэргүүлж байсан болохоор Н.Наранбаатарыг ногоон гэрлээр илгээчихсэн. Түүний хувьд алдарт жижиг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил ажиллаж байсан хүн тэнд нүүрлэсэн гэгдэх нүүрсний хулгайг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй.
Гэтэл тэр тухайн үед “Хоёр удаа мэдүүлэг өгсөн, надад хийсэн хэрэг байхгүй юм байна лээ” гэж хариулж байсан хүн. Гэсэн ч хуулийн байгууллагад шалгасан. АТГ-аас үндэслэлгүйгээр
хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн, шалгалтын явцад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татагдсан.
Тэр байтугай УЕП-оос УИХ-д ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгаагаа илгээсэн ч МАН-ынхан нь авч үлдсэн. Одоо ч шалгагдаж байгаа хүн. Н.Наранбаатарын хамгийн ойрын хүн болох төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер
майнинг” зэрэг компанийг эзэмшдэг бөгөөд тэдгээр нь нүүрс тээврийн үйл
ажиллагаа эрхэлдэг.
Ковид цар тахлын хатуу дэглэмтэй үед “Өлзийт ойл” компани нь нүүрс тээврийн автомашин, чиргүүл зэргээ Гашуунсухайт боомтоор дараалалгүй оруулдаг байсныг эх сурвалжууд хэлдэг. Энэ нь мэдээж ах Н.Наранбаатарынх нь “буян” буюу эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дараалалгүй оруулж
“тус” хүргэсэн үйлдэл. Товчхондоо, говийнхны төлөө ажиллаагүй Н.Наранбаатар дүүгийнхээ амьдралд
нэмэр болсныхоо гайг үүрэхээс зугтаж, дахин сонгогдох гэж байгаа гэсэн үг. Түүний ганц энэ үйлдэл л говийн иргэд нийтээрээ Н.Наранбаатарыг сонгож болохгүй гэдгийг анзаарах биз. Ухвал аймгийнх нь уурхайнуудаас ч илүү их “маапаан”-тай Н.Наранбаатарыг сонгогчдын санал биш, прокурорын дүгнэлт, шүүгчийн шийдвэр л хүлээж байгаа даа, уг нь.
Эх сурвалж: Paparazzi.mn
Discussion about this post