Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд найм дахь өдрөө үргэлжилж байна.
Үдээс хойших шүүх хуралдаанаар “Комплант” ХХК-д олгосон 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хэлэлцэв. Энэ үеэр “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан “Комплант” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Оргойн Баяр мэдүүлэг өглөө.
Тэрбээр “Намайг нотлох баримт устгасан гэж нэмж ялласан. Шалгагдах хүртлээ ямар нэгэн буруу үйлдэл хийсэн гэж бодоогүй. АТГ эхлээд шалгахдаа гэрчээр асууж байснаа сэжигтэн болгоод дараа нь яллагдагч болгосон.
48 цаг саатуулахад гэрч байсан гэнэт яллагдагч болсон учраас гэнэтхэн цочирдсон. Маргааш нь надаас мэдүүлэг авна гэсэн. Нэг цаасан дээр гарын үсэг зуруулах болоод өмгөөлөгчөө дуудчих гэсэн. Түүнийг эхлээд биччихээд дараа нь дахиад бичье гээд урчихсан.
Түүнд миний овог, регистрийн дугаар байсан. Би зөвшөөрөхгүй гээд бичих эрхтэй юм байна гээд урсан. Тэр бичгийг урвал зүйл анги тооцдог гэсэн хуулийн мэдлэг байхгүй. Хэрэв мэдсэн бол тэр бичгийг урахгүй.
Надад нотлох баримт устгасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Кинонд гардаг шиг нотлох баримтыг зажилсан үйлдэл биш. Камерын бичлэг дээр дуу байхгүй учир яалт ч үгүй юм урж байгаа харагддаг.
Энэ бол миний буруу. Тэр үед цочирдсон учраас бичиг баримт урсан.
“Комплант” ХХК зориулалтын дагуу зээл авсан. Монгол Улсын Хөгжлийн Банканд зээлээ бүрэн төлж дуусгасан гэсэн бичгийг бидэнд ирүүлсэн. 2.8 тэрбум төгрөгийн зээл авч 1.8 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн байна” хэмээн ярилаа.