За Филиппинээс Сөүлээр дамжуулаад аль эрт унасан Ми бүлэглэлийн гишүүн Бадамжунайг бариад ирлээ. Хангарьд ордноос Яармагаар дамжуулаад яг одоо төр төнхөж байгаа бүлэглэлийн гол гишүүн голоо цохисон Сумкагаа яаж барьж авчрах билээ? Хэн хэнийг нь хотын бөглөрөлд хөтөвчгүй хэдэн цагаар мөлхүүлж 461-т аваачмаар байна аа. Тэгж чадвал Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын 5Ш ажиллагаанд яг итгэх гээд л байна! Чадахгүй чацга царайлах юм бол хуучин бүлэглэлийг шинэ бүлэглэлээр нам дарж намаа цэвэрлэнэ гэж байхгүй ээ. Тэр тусмаа түүнийгээ улс орны төлөө гэж улайран сурталчлаад, хөөрцөглөөд хөлөө олохгүй хөвөөд байх бүүр хэрэггүй. Хэтэвчээ булаацалдаад үхэлдэж байгааг чинь хэн хүнгүй харж л байна шүү.
Филиппин нисэх нь Хангарьд ордон орохоос амархан байжээ.
Хаа байсан Филиппинээс хамаг шид нь дууссан түрүү үеийн газрын наймаачин, түлхүү үеийн бүлэглэл толгойлогчоо олж ирэх гэж байгаа юм байна. Хойморт даналзаж, хотол олны татвараар гараа угааж, нүүрсэнд гар дүрж, газар дахин наймаалцаж, банкнаас хэдэн тэрбумаар нь мөнгө гулсуулж, багачуудаас хэдэн жилээр цирк булааж, хоёр намд зэрэг шогшиж, хотын төсвөөр наадаж яваа гэх одоо цагийн бүлэглэл хошуучлагч, бүлт үсрэгчээ яагаад гар сунгах газраас гавлаад авдаггүйг гайхаад л байна. Монголоос Филиппин нисэх нь Төрийн ордноос Хангарьд ордон орохоос амархан байсныг мэдсэнгүй. МАН-ын 5Шоу ч билүү ажиллагаанд итгэж ядаад байгаагийн минь учир энэ мэтээс л эхэлнэ дээ. Эрх баригч намыг даргатай нь, генсектэй нь, Ерөнхий сайдтай нь базаж атгаад халаасалчихсан, барьц ахиулаад баруун тонгорсон гэлцэх алтан гарт Сумка Ардын намтайгаа хамт унах юм байлгүй дээ. Одоо бүр дүрдээ итгэж дүрэмдээд, албан тушаалдаа автаж сансарт нисээд, “Хот хөгжүүлэх урлаг” ч гэх шиг ном туурвиж байгаа сурагтай. Хот хөглөрүүлэх урлаг гэж бичих гэж байгаад андуурсан бололтой юм аа, аргагүй бөх хүн шүү дээ. Хаалт хашилтаа ялгахгүй харвах дөхсөн гээ биз дээ. За тэгээд унах хүмүүс нь яараагүй байхад унагах түмэн юундаа ч яарах билээ? Гурван жил гүрийсэн юм чинь ганц жил гандан буурахгүй хүлээж л байх уу даа, Амарбаясгалаан?
Р.Эмүжин