Монголын шашны түүхэнд Х Богд тодорч, өдгөө олон түмнийг шуугиулсаар буй.
Монголын хамгийн баян гэр бүлүүдийн нэгэнд төрсөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байгаа Х Богд өдгөө Энэтхэгийн Дарамсалаа хотод Далай ламын айлдварт сууж буй.
Тэгвэл өдгөө хорих ангид “улсаасаа урвасан” хэрэгт унаад байгаа яруу найрагч Ц.Хулангын хэрэг Х Богдтой холбоотой болохыг зарим эх сурвалжууд хэлж эхэлжээ.Үнэн худлыг хэн мэдлээ. Гэвч тэдний хэлж буйгаар, X богдыг эс тодруулах хятадуудын санааг гүйцэлдүүлэхээр нэрт яруу найрагч ажиллаад, улмаар урд хөршийн мөнгө цаастай холбогдоод эх орноосоо урвасан гэх хэрэгт ял хүлээх дээрээ тулаад байгаа гэлцэнэ.
Х Богдын тухай яриа IX Богдыг Монголд ирсэн цаг мөчөөс л эхэлжээ. Нас дээр гарсан түүний дараагийн дүр хэн бэ гэх асуулт Монголын төдийгүй, бурхны шашинтай бусад улс орнуудын асуудал байв. Одоогоос найман жилийн өмнө Х Богд хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр шуугиулсан бөгөөд түүнийг тодруулсан эрхэм нь Далай ламыг Монголд сүүлчийн удаа айлчлахад “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн бага хурал хийгч байв. Монгол жижигхэн, монголчууд цөөхүүлээ болохоор нэгэн зүйл ил болсон нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэгч өөрийн хүүг өргөмжилсөн болж таарсан. Халхад тодорсон анхдугаар Богд буюу Өндөр гэгээн Занабазар, Чин ван Дондогдоржийн хүү II Богд Лувсандэмбийдамба нараас хойш долоон дүрийн дараа Монголоос Богдын дараагийн дүр тодрох боломжтой болсон нь хэн хүнгүй өөрийн хувилбарыг зүтгүүлэх адын санааг өрджээ. Гэтэл Энэтхэгт хоёр өдрийн өмнө болсон хурлын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна” гэсэн монголчуудын “Мартын-8”-наа мартаад шуугихад хүргэв. XIV Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа “Х Богд Монголд мэндэлсэн ч нялх байгаа учраас 3-4 жилийн дараа ил зарлана” гэсэн ёсоороо ийнхүү зарлав. Гандантэгчилэн хийдээс энэ талаар удахгүй мэдээлэл хийх сураг ажиг байна.