Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр боллоо.
Анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулав. Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Хэргийн талаар тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.
Хэргийг сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.