Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын үеэр “Чингис бонд”, “Гудамж” төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг дуудан асуулт асуув. Нэг цаг асуулт, хариулт явсны эцэст Н.Батбаярын биеийн байдал муудан хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголыг түр орхин гарав.
Сайд асан Н.Батбаяраас Чингис бондыг босгож, олон төсөл хөтөлбөрүүдэд үр ашиггүй зарсан талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар асуулт асуусан юм.
Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн Банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.
Хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.