Н.Учрал: Би үзэл санаанаасаа ухраагүй. Цаг нь ирэхээр дахин өргөн барина
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавиад байна. Н.Учрал гишүүнээс санаачилсан хуульд нь хориг тавьсан асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх нь. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна. Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн. Процетурын алдаа гарсан, олон нийтийн байгууллагын санал шүүмжийг тусгаагүй, эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн санал, бодлыг тусгах шаардлагатай гэсэн Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг хүлээж авч байна.
Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан 99.8 хувиар өссөн. Цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өссөн байна. Нэг жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тоон үзүүлэлт байгаа. Иргэдийн эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам нь энэ хууль байсан. Цаашид бид иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг тасралтгүй явуулах ёстой.
Хуулийг уншилгүйгээр эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс улс төржүүллээ. Тиймээс өргөн цар хүрээтэйгээр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, цаг нь ирэхээр хуулийг дахин өргөн барина. Одоо цаг нь биш гэдгийг өнгөрсөн өдрүүдэд мэдлээ” хэмээв.