Нүүрсний хулгайн гэх асуудлыг тойрсон нээлттэй сонсгол өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд болсон. Нээлттэй сонсгол эхлэхээс өмнө Төрийн ордны баруун хаалганы үүдэнд 17 иргэн нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн гэх шалтгаанаар Н.Э гэх эмэгтэйг саатуулсан билээ. Тухайн эмэгтэй нь жүжигчин У.Цогтбаярын эгч байсан гэх. Мөн У.Цогтбаярыг мөнгөөр жагссан гэх мэдүүллүүд өндөр авч байна. Иймд бид түүнээс өөрөөс нь утсаар холбогдон тодруулга мэдээлэл авлаа.
-Өчигдөр саатуулагдсан эмэгтэй эхнэрийн тань эгч байсан гэж үнэн үү?
-Тийм ээ. Өчигдөр намайг хэлэлцүүлэгт ор гэсэн. Би орохгүй ээ, миний оронд хуулийн мэдлэгтэй эгчийг маань оруулчих гэсэн. Гэтэл оруулаагүй. Тэгээд эгчийг талбайн хажуу талын ресторанд сууж байхад нь аваад явсан. Тодруулан хэлэх юм бол, шөнө 02.00 цагийн үед 461 дүгээр анги руу аваад явсан. Байцаалт авч байгаа байх.
-Эгчийг тань Б.Хурцтай холбоотой гэх мэдээлэл үнэн үү?
-Б.Хурцтай холбоотой эсэхийг нь мэдэхгүй байна. Урилгаар АТГ-д ажиллаж байсан. Олон улсын татварын мэргэшсэн зөвлөх хүн. Бидний Засгийн газарт тавьж байгаа шаардлагуудад хяналт хийж өгсөн юм. Тодруулан хэлбэл, бидэнд тусалж, зөвлөгөө өгсөн. Шаардлагуудаа албан бичгээр өгөхөд бидний мэдлэг хүрэхгүй. Тэр талаас нь л тусалсан гэсэн үг.
-Эгч тань АТГ-д хэдээс хэдэн оны хооронд урилгаар ажиллаж байсан юм бол?
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.
-Жагсагчдыг эгч тань 2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мэдээллийг та хэр ор үндэстэй гэж харж байна?
-Мэдэх юм алга. Нүцгэлсэн залуучуудаас асуулаа. Аваагүй л гэсэн. Надад бол хүмүүсийн мөнгө авсан аваагүй нь огт хамаагүй. Бидний гол зорилго бол хулгайчгүй төртэй болж, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцуулахын тулд хуулиа чангатгах.
-Мөн таныг байр, машин авсан гэх мэдээлэл гараад буй. Үүн дээр та тайлбар өгөх зүйтэй болов уу?
-Би өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр машинаа авч байлаа. Одоо хүртэл машины өр, байрны өр маань байна. 10 инээдмийн кинонд гол дүрд тоглоод, ихэнхийг нь өөрөө продюсер хийсэн ч байрны өртэй л амьдарч байна.