Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгсжээ.
Тэрбээр их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ш.Чоймаа аавын хамт
-Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан сууж, номын мөр хөөж эхэлсэн гэдэг. Тэндээ Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад, Да хүрээнд ирсэн юм билээ. Харин Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирэн, цаг үймэхэд нутгаа зорьж л дээ. Гэсэн ч нутагтаа төд удалгүй өвгөн лам Наваантай хамт Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр равжамбын цол хүртээд 1943 онд нутагтаа ирсэн гэдэг юм. Ямартай ч аав минь буддын гүн ухаанд нэвтэрсэн, ном судрыг дээдлэгч нэгэн байсан даа. Тиймдээ ч намайг эрдэм номын мөр хөөлгөхөөр бага балчраас минь анхаарч эхэлсэн нь дамжиггүй. Надад номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захидаг байсансан.