2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон ‘Сөүл’ группийн захирал Өнөрболор гэх бүсгүй бий. Олон жилийн өмнө UBS телевизээр хоолны нэвтрүүлэг хөтөлдөг байснаа БНСУ-аас хөрөнгө оруулалт татаж барилгын салбарт олон жил ажилласан нэгэн. МАН-д үнэнч гэдгээ харуулж идэвхитэй гүйсний хүчинд түүнд боломж гарчээ. Олдсон боломжыг ч тэр алдсангүй.
Гэвч АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн болоход чамгүй их хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө шаардагддаг. Төр төлөөлж гишүүн болсон хүн халдашгүй дархан эрх гэж зүйлээр бамбай хийлгэж дураараа дургиж болдог гэж ойлгосон нөхдүүд төрийн ордоноор пиг дүүрлээ. Хууль бус замаар хөрөнгөжсөн бол хуулийн өмнө шалгагдаж гэм буруутай бол УИХ-ын гишүүн ч бай энгийн иргэн ч бай хариуцлага хүлээх ёстой. Хэрэв Өнөрболор гэм буруутай нь тогтоогдвол Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болох нь гарцаагүй юм. Барилгын салбарт чамгүй амжилттай ажиллаж байсан хүн чухам ямар учраас УИХ-н гишүүн болох гэж улайрсан нь сонирхолтой. Учир нь барилгын захирал байснаас гишүүн болбол бүр их ашиг олох боломж байгааг тэрээр харсан бололтой.