Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунаас будааны гарал үүслийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр “ШӨХТГ-т будаатай холбоотой гомдол ирдэг. Будааг япон, солонгос гэж, ойлгоод авдаг. Гэтэл сүүлд нь вьетнам юм уу хятад будаа байдаг гэх гомдол ирдэг. Энэ гомдлыг үзэхээр хууль тогтоомжийн хувьд зөрчилгүй байгаа юм. Гэхдээ урд нүүрэндээ япон, солонгос сортын будаа гэж бичсэн байдаг. Мөн япон, солонгос, орос будаа гэж ойлгогдохуйц нэр хаяг тавьсан байгаа юм.
Иргэд нэрийг нь уншаад сакура гэвэл япон гэж ойлгох гэх мэт төөрөгдөл байдаг юм байна. Гэтэл энэ будаа нь савлаад зарж байгаа хятад, вьетнам будаатай адил будаа байдаг. Энэ бол маркетингийн асуудал. Тухайн аж ахуй нэгж тухайн бараа бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарах нь тэдний хэрэг. Гэхдээ иргэд ямар будаа худалдаж авч байгаа, эх үүсвэр нь аль улсаас вэ гэдгээ ойлгож, сонголтоо шударгаар хийх хэрэгтэй.
Тухайлбал, сакура будаа япон, америк гэж байна. Ягаан болон хар ууттай сакура будаанд гарал үүсэл, үйлдвэрлэгчийг нь хятад гээд биччихсэн байна. Гэтэл иргэд япон гэж ойлгодог. түүнээс гадна “Слава”, “Сүши”, “Japonica” гэх будаанууд байна. Бүгдийг нь Монголд савлаж, нэр өгч зардаг.
Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуульд барааны нэр тэмдэг нь чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байвал нэр тэмдэг олгохгүй гэж заасан байдаг. Тиймээс аливаа нэг улсынх мэт харагдуулж буй нэр тэмдгийг өгсөн нь энэ хуулийг зөрчсөн байна. Тиймээс барааны тэмдгээ дахин эргэж хараач гэдэг шаардлагыг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн” гэлээ.