Монголд анх удаа хагас тэрбум төгрөг давсан бооцоотой мэргэжлийн боксын тулаан болох гэж байна. Уг тулааны шалтгаан нь МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нарын хувийн маргаан байв. Энэ тулааныг спорт сонирхогчид “600 саяын хэрүүл” ч гэж нэрлэх болсон. Учир нь хоёр тамирчин хэвлэлийн хурлын үеэр нэг рүүгээ сав шидэх, үгээр “идэх” гэх мэт олон авир гаргаж буйг маркетинг гэж харж байна.
Тэгвэл энэхүү тулааныг анх өдөөн хатгаж эхлүүлсэн МУГТ Э.Цэндбаатартай ярилцлаа. Түүний хувьд энэхүү тулаанаа дуусгаад АНУ-ыг зорих бөгөөд ирээдүйд “Монгол Улсад тамирчдын хотхон байгуулна. Тулаанд ялбал бооцооны мөнгөөрөө хорт хавдартай хүүхдийн амь насыг аварна” хэмээв.
-Та хоёрын тулааны өмнө гаргаж буй ааш авирыг олон хүн шүүмжилж байна. Зарим нь маркетинг ч гэж харах юм. Жинхэнээсээ ингээд маргаад байна уу. Аль эсвэл маркетинг уу?
-Бодит байдал нь л тэр. Яг үнэндээ би цахимаас залхаж байна, хэл амнаас ч гэсэн хол баймаар байна. Гадаадын тамирчдыг дуурайх болон маркетинг гэж ярьж байгаа хүмүүст хандаж хэлэхэд би З.Шинэчагтгыг харахыг ч хүсэхгүй байна. Маркетинг хийх ч шаардлага байхгүй.
-Хэвлэлийн хурлын үеэр ус цацлаа. Мөн олон л дуулиантай асуудалд орооцолдох юм. Хувь хүнд асуудал байна уу, өөр бусдад асуудал байна уу?
-Би найзуудаа хүндэлдэг бас хүндлэгддэг л хүн. Харин гэнэт дүрсхийж уурладаг нь үнэн. Учраа олбол ч олчихдог. Гэхдээ хяналтаа хэзээ ч алдаж байгаагүй. Харин рингэн дээр гарвал зан араншингийн хувьд хурц. Тэнд би Монгол хүн учраас Чингис хаанаа боддог. Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байхад би яагаад чадахгүй гэж. Рингэн дээр гараад бүгдийг нь байлдан дагуулна гэдэг омогшил надад бий.
-МОНГОЛЧУУДДАА ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЧ АРХИ АМСАХАА БОЛЬСОН-
-Хүмүүсийг байлдан дагуулахын тулд эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй болов уу. Таны хувьд өөрийгөө хэрхэн ялсан гэж бодож байна. Өвөл архи амсахгүй гэдэг ам өчиг олон нийтэд өгсөн?
-Үнэнийг хэлэхэд найзуудтайгаа нийлээд шоудахад нь хажууд нь байсан. Бүжиглэх үедээ бүжиглэнэ. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй юм. Харин архины төрлийн зүйл огт амсаагүй. Архинаас гадна надад бүхнийг орхиод зугтаамаар шантрал байсан. Жирийн амьдралаар амьдармаар санагддаг үе бий. Гэхдээ надад тийм амьдрал үнэхээр зохихгүй юм билээ. Ажил хийгээд амьдарч үзэхэд чадахгүй юм шиг. Харин миний ганц чаддаг зүйл нь бокс. Хэн болохоо харуулах л чухал. Унахад, уруудахад ойр тойрны хүмүүс ямар аймшигтай нүүр буруулдгийг би мэддэг болсон. Мөрөөдөлдөө үнэнч, өөрийгөө ялж чадаж байгаа тулдаа өдий зэрэгтэй амжилттай явж байна.
-Уналт гэдэг зүйлээсээ хэрхэн босож ирэв. Бас л их тэвчээр, сэтгэлийн хат шаардана шүү дээ?
-Эр хүн уйлж болдоггүй гэж яг хэн хэлсэн юм бэ. Харин ч дотоод сэтгэлээ уудлаад уйлах юу нь буруу гэж. Тэр тусмаа хүчирхэг байдаг юм биш үү. Гэхдээ бокс намайг маш хүчтэй болгосон. 25 нас наслахдаа дардан, шулуун замаар яваагүй. Одоо эргээд харахад би ямар хүн байснаа хэзээ ч мартаагүй. Амжилт гаргахад мөнгөтэй хүмүүс яаж хүрээлдэг гэж бодно. Харин алдахад зүгээр л нясалчихдаг юм. Тоохоо больсон л доо. Өдөр болгон л өөрийгөө ялахын тулд хичээж бас мөрөөдөж байна, тэгээд л болоо. 2017 онд осолд орсноос хойш гурван ч том асуудалд орсон. Цааш цаашдаа алдахыг хүсэхгүй байна. Улам дээшээ л явна.
-Тулаан дээр болон амьдрал дээр гаргаж байгаа хандлагыг тань хараад хүмүүс онгироо гэлцдэг. Өөр рүүгээ хэр өнгийж, дурандаж байна?
-Би ерөөсөө хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Харин эмоциороо шууд тулалдчих гээд байдаг муу талтай. Тиймээс үргэлж өөрийгөө дардаг. Онгироо сагсуу хүн ч биш. Миний байгаа байдал л энэ. Америкт ч, Монголд ч иймээрээ л байх болно.
-Америк явж тулалдах нь. Хэдэн жилээр явах гэж байна. Гэр бүлээ аваад явах уу?
-Надад том боломж гарсан нь энэ. Гурван жилээр явах гэж байгаа. Америк руу ганцаараа явна. Би хоёр охинтой. Намайг ёстой ганц баздаг хүмүүс шүү дээ. Өнгөрсөнд болсон бүхнээ мартаад гэр бүлийнхээ төлөө л цаг хугацаа бүх юмаа зарцуулна. Өөртөө л ялагдахгүй гэж бодож байна даа. Тиймээс Монголын нэрийг дэлхийд гаргах super star болох хүсэлдээ бат зогсохоор шийдсэн. Одоо надад алдаа гаргах ч эрх байхгүй.
-БИ ХАД ЧУЛУУНААС ТӨРСӨН ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ-
-Хэрвээ нууц биш бол гэр бүлийнхээ хүний талаар болон, охидынхоо хүсэл мөрөөдлийн талаар ярихгүй юу?
-Хүн унаж босоод л амьдралыг туулах хугацаандаа олон зүйлтэй нүүр тулна. Тэр үедээ их ганцаарддаг юм билээ. Харин миний хань яг тэр бүх мөчид миний талд байдаг. Жижигхэн хэрнээ маш хүчтэй эмэгтэй. Том охин маань нэгдүгээр ангид орлоо. Фейсбүүкээр яваад байсан аавуудын зураг шиг гадаа нь хүлээж зогссон. Хайр хүрээд явж чаддаггүй, цонхоор нь хармаар санагддаг юм билээ. Том охин маань тань шиг боксчин болно гээд “солиороод” байгаа. /инээв/. Аав таныг хүн болгон яагаад таниад байгаа юм гэж байнга асууна шүү дээ. Бага охин маань цэцэрлэгт явдаг. Тэгсэн харин цэцэрлэгтээ орохдоо яръя, яръя гэчхээд орчихсон шүү. Ер нь би чинь хад чулуунаас ургасан хүн биш шүү дээ. Хайрлана, дурлана, баярлана, хөөрнө.
-Хүмүүсийн хэл ам, тэмцээн уралдааны бэлтгэл гээд л ар гэртээ гаргах цаг зав тун чиг бага байх. Энэ бүгдийг эхнэр болоод ар гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авах юм?
-Мэдээж хүн л болсон хойно тэмцээн, уралдаан гээд л цаг наргүй бэлтгэл хийх, гадагшаа дотогшоо явахад эрхлэх, туних, маргах үе байлгүй яах вэ. Гэхдээ энэ бүгдийг амьдрал гэдгийг сайн ойлгодог. Намайг жингээ хасах гээд махарч байх үеийг, яаж бэлтгэл хийдгийг харж байсан. Миний алдаа оноо бүх зүйлийг уучилж хайрлах ухаан тийм жижигхэн биеэс гарна гэж бодоогүй. Манай эхнэр бол намайг бүтээсэн хүн. Аав, ээж хоёрын хувьд багаас маань л дэмжсэн хүмүүс. Ээж намайг жаахан буруу хооллох үед чи юу идээд байгаа юм гэж зэмлэх жишээний. Тэр ч бүү хэл хүүгээ тулалдаад цохилт авах тэр үед өөрөө цохиулсан юм шиг болдог гэж байгаа. Зарим ширүүн тулааныг харж чадахгүй буруу харж сууна, алгаараа нүдээ таглана. Тэгсэн хэрнээ хурууныхаа завсраар хардаг гэсэн. Хөөрхөн байгаа биз. Бас багшаа дурдахгүй байж болохгүй. Энэ ринг бол чиний гэр. Гэртээ эзэн бай гэж хэлдэг хүмүүсийн нэг шүү дээ.
-Таны амьдрал бүхэлдээ л бокстой салшгүй холбоотой. Цаашдаа хэд хүртлээ энэ спортоор хичээллэнэ гэж бодож байна?
-35 нас хүртлээ өөртөө байгаа бүх зүйлээ дайчилна. Мэргэжлийн боксын бүх бүсийг зүүчихсэн зогсож байна гэж мөрөөддөг.
-АМЕРИКТ ТУЛАЛДАЖ ОЛСОН САР БҮРИЙН 200 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР МОНГОЛДОО ТАМИРЧНЫ ХОТХОН БАЙГУУЛНА-
-35 наснаас хойш юу хийж амьдрах уу?
-Сошиалаас хол намуухан амьдралаар л амьдарна. Хоёр охиноо өсөж торнихыг хараад л. Урсгалаараа тийм нэг энгийн амьдрал байдаг даа. Бас нэг бодож явдаг зүйл нь багш болно. Ирээдүйн олимпын аваргуудыг төрүүлнэ гэж боддог. Мөн Америкт очоод нэг тулаан хийхэд доод тал нь 200 мянган доллар авна. Тэр мөнгөөрөө би нутагтаа спортын хороолол барина. Гуравхан сая хүнийг сайхан амьдруулах мөрөөдөл надад бий. Дотроо сургуультай, бүх зүйл нь бэлэн байдаг хороолол бүтээнэ. Чадна ч гэж бодож байгаа.
-ГУРВАН САРД ЦОЛНЫ НАЙРААР БЭЛЭГЛЭСЭН Ж.МӨНХБАТ ГИШҮҮНИЙ SUZUKI JIMNY МАШИН ОДООГ ХҮРТЭЛ ТҮГЖРЭЭД ИРЭХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ-
-Өвөл МУГТ цолны найраа хийсэн. Олон ч хүн цугласан харагдсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат л гэхэд Suzuki Jimny бэлэглэсэн. Машинаа яагаад хөлөглөхгүй байна. Эсвэл авч чадаагүй юу?
-Би олимпоос бусад медалийг эх орондоо авч ирж чадсан. Олимпын медаль авах ч боломж надад байгаа. Мэргэжлийн боксоор тулалдаад Оросоос бүсийг нь авч ирсэн. Энэ бүх хүч хөдөлмөрийг минь төр засаг үнэлж МУГТ гэх эрхэм хүндтэй цол тэмдгийг олгосон. Ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө энэ баяраа хуваалцаж найраа хийсэн юм. Хийж бүтээж чадаад үнэлүүлнэ гэдэг их сайхан зүйл л дээ. Нутгийн гишүүд найран дээр минь ирээд машин бэлэглэсэн нь үнэн. Яг одоо түгжрээд ирж байгаа гэж хэлсэн. Гэтэл өвлөөс хойш одоог хүртэл түгжирдэг машин бас байдаг аа. Нэг их гомдоод авах гээд улайраад байгаадаа биш. Надад одоо тэр машин хэрэггүй. Харин хүний гаргасан амжилтан дээр ирээд том ам гарчхаад хэлсэн амандаа хүрдэггүй зан муухай. Үүн шигээ ард түмнээ хуурдаг ч юм билүү хэн мэдлээ. Дараа дараагийн залуусын амжилтан дээр ирээд ингэж битгий худал хэлээсэй гэж бодох юм.
Эх сурвалж: eguur.mn