Өнгөрсөн онд МАН-тай зэрэгцэн 100 жилийн ойгоо тэмдэглэж байсан Монгол шуудан ХК 100 жилийнхээ ой дээр гүйцэтгэх захирал Б.Анхбаатарын шийдвэрээр Монгол орны 21 аймаг 330 сумын нутагт шуудан илгээмж хүргэлтийн ажлыг гардан хийдэг шууданчдаа гудамжинд хөөж гаргаад гар хоосон, гахай нүцгэн, нохой явган болгож золигт гаргажээ.
Орон нутгийн сум, багийн нэгжид шуудан хүргэлтийн ажлыг нийтдээ 330 гаруй шууданч гэрээгээр хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ тэд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр цалинжиж амьдрал ахуйгаа залгуулдаг байсныг Төрийн өмчит компaнийн хуулийг зөрчиж хийснээрээ буюу хэдэн шуудан, ачаа хүргэснээр нь үнэлэх систем рүү оруулсан байна.
Ингэснээр холыг ойртуулж, хоёрыг уулзуулахын төлөө улаа эргэтэл гүйж явсан шууданчид орлогын эх үүсвэрээсээ салж, одоогийн байдлаар Монгол Шуудан ХК орон нутгийн шууданчгүй болох дээрээ тулаад байгаа аж. Энэ нь Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатарын гаргасан шийдвэр гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тэрбээр энэхүү шийдвэрийг гаргаснаараа 330 сум, 1200 багт хүрч үйлчилдэг шууданчдын нийгмийн байдлыг дордуулаад зогсохгүй, 330 гаруй айл өрхийн амжиргаа, аяга хоолыг үгүй хийж байгаа гэнэ. Түүнийг МАН-ын дарга Б.Амарбаясгалангийн тохоон томилсон гарын хүн гэдгийг тус намынхан өвөр зуураа шивэр авир хийдэг.
Ингээд харвал Б.Анхбаатар МАН-ын даалгавраар Монгол шуудан ХК-ийг үнэгүйдүүлэх замаар дапууруулах захиалга авсан уу гэх хардлага ч шууданчдын дундаас гарах болжээ. Ямартай ч 100 жилийн түүхтэй Монголын ганц том компани 300 гаруй ажилчдаа гудманд гаргаад нам дагасан захирал нь найр наадам хөөж яваа нь гайхмаар.
Бид энэ талаар эргэн сурвалжилж хохироод байгаа шууданчдын байр суурийг хүргэх болно.