БОАЖЯ ойн дагалт баялгыг зүй зохистой ашиглах, хамгаалах ажлыг эрчимжүүллээ. Тур дундаа нийслэлийн зүрх, уушги болсон дархан цаазат Богдхан уулын ойн санг хамгаалах, нөхөн сэргээхэд онцгой анхаарч түүний дагалт баялгыг гурван жилээр ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Манай улсад Хуш модны самрыг 09 сарын 10-аас дараа оны 03 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх хуулийн зохицуулалттай. Ингэхдээ зөвшөөрөгдсөн газарт тусгай зөвшөөрлийн дагуу, тодорхой журмыг мөрдөж, иргэн 25 кг-аас илүүгүй самар түүнэ гэж заасан. Гэтэл иргэд дархан цаазат Богдхан ууланд самрын болц гүйцээгүй байхад ‘’МУНА’’ ашиглан самар түүж бэлтгэдгээс хуш мод механик гэмтэлд ихээр өртөж, хушин ой жил ирэх тусам доройтсоор байна.
Иймд хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан тус яамны ажлын хэсэг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар, Экологийн цагдаагийн албаны удирдлагуудтай шуурхай хуралдаж хушан ойг хамгаалах, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг 3 жилээр хориглох шийдвэрийг гаргажээ. Харин уг шийдвэрийг биелүүлэлгүй хууль бусаар самар бэлтгэвэл Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэн, ААН-ээс бүрэн гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нөхөн төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгөрөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн хариуцлагатай. Хуулийн заалт, хариуцлагын тогтолцоо нь байгаа ч иргэд түүнийг үл тоомсорлон хууль бусаар самар түүх, ингэхдээ хушан ойг гэмтээх, ойн экосистемийг бохирдуулан доройтуулах, улмаар ойн түймэр гаргах гээд олон арван хор уршгийг санаатай болон санаандгүйгээр гаргасаар байна.
Тухайлбал, энэ сарын 28-ны байдлаар Богдхан уулын Түргэний ам, Өвөрзайсан, Шархад, Арцат, Жаргалант зэрэг амуудад Хамгаалалтын захиргааны алба хаагчид гэнэтийн эргүүл шалгалтыг хийхэд хориглосон бүсэд 28 машин, 130 гаруй иргэн зорчсон байсан бол зөвшөөрөлгүй самарчдын зургаан отог гарсан байв. Тиймээс самарчдын отгыг албадан буулгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Энэхүү хууль бус үйлдлийг дахин гаргахгүйн үүднээс зөрчлийг илрүүлж арга хэмжээ авах байнгын ажиллагаатай хяналтын постыг байгуулжээ. Ингэснээр дахран цаазат бус нутагт дахин хууль үйлдэл гарахаас сэргийлэх, илэрсэн зөрчлийг тухай бүрд нь таслан зосгоох боломжтой юм.
Иргэдийн ашиг, орлогын төлөө ой мод, ойн дагалт баялагтай зүй бусаар харьцаж, хуш модны самрыг болц гүйцээгүй байхад муна ашиглан түүдгээс болж экологийн хувьд нөхөш баршгүй хохирол учирдаг нь хамгийн том асуудал юм.
Тухайлбал, хуш модны холтсыг мунаар цохиж холцолсноор энэ гэмтэл эргэж нөхөн сэргээгддэггүй, халцарсан хэсэгт хортон шавьж хороо цацсанаар ийм төрлийн гэмтэд өрдсөн модны 90 хувь хатаж үхдэг. Гэтэл хуш мод нь Монгол орны ховор ургамлын төрөлд хамаарахын зэрэгцээ зэрлэг амьтдын идэш, тэжээлийн эх үүсвэр болж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг нэн чухал ургамал юм. Тэр тусмаа нийслэлийн хоймор болсон Богдхан ууланд байх нэг ширхэг хуш 140 жил наслахдаа хүчилтөрөгчийг хамгийн ихээр үйлдвэрлэж, ирээдүйд хойчийн эрүүл агаараар амьсгалах нэг үндэс болдог гэж үзвэл үнэхээр чухал.
Тиймээс БОАЖЯ-ны зүгээс цаашид гэмтэлд өртсөн хушин ойг нөхөн сэргээх, эмчлэх арга, аргачлалыг боловсруулан ууланд алхагчдын клубүүд, идэвхтэн байгаль хамгаалагчдыг татан оролцуулж, иргэдийн мэдээллийг шуурхай хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
Мөн ойн дагалт баялгийг хамгаалах талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, хушин ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахад бүх талын оролцоог хангаж, хамтран ажиллахаар болж байна.