Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нэгэн ярилцлагадаа ийнхүү дурдсан байдаг.
Тэрбээр: Намайг тэрбумтан сэтгүүлч гээд байдаг. Тэр хүмүүст хандаж хэлмээр байна. Сэтгүүлчийг яагаад заавал гэр хороололд, галладаг амьдралтай, гутал нь тоостой, ядруухан, таван төгрөг өгвөл авчихдаг. Ийм хүмүүс байх ёстой гээд хэн хэлчихсэн юм бэ? Би гайхдаг.
Хамгийн их шүүмжлэл хүлээж авдаг нь Лодойсамбуу бид хоёр. Баян, үнэтэй машин унадаг, үнэтэй байранд амьдардаг гээд. Хулгай хийгээгүй нь тодорхой шүү дээ. Хулгай хийсэн байх юм бол аль хэдийн шоронд орчихдог юм байгаа биз дээ. Хэн нэгнийг шантаажилсан бол тэр бичлэг нь хэдийн гараад ирнэ.
Зариг хамгийн өндөр хандалттай сайтуудын нэг мөн үү мөн. Тэгвэл хамгийн өндөр хандалттай ikon, gogo, news тэдний захирлууд хаана яаж амьдардаг вэ? Хэн ч сонирходоггүй байхгүй юу. Би өмнө нь сэтгүүлч байсан учраас гэнэт гараад ирлээ гэх зүйлс харагдаад байх шиг байна. Гэхдээ яг үнэндээ хэн хөдөлмөрлөж чадсан нь амжилтад хүрдэг ардчилсан нийгмийг сурталчилмаар байгаа юм.
Би малчин айлын хүүхэд болохоор ядуу л байх ёстой юм уу. Баян айлын хүүхдүүд баян л байх ёстой юм уу.
Би одоо 30 нас гарчихаад явж байна. Миний үеийн залуус адилхан л бизнесийн салбарт амжилт гаргаад 20 гаруй хүн цалинжуулаад өөрийн гэсэн байр суурьтай явж байна. Тэр залуучуудыг яах юм бүгдийг нь хулгайч луйварчин гэх юм уу?
Монгол улсад чинь хөдөлмөрлөвөл уйгагүй зүтгэж чадвал хэн нэгэнд худлаа хэлэхгүй хулгай хийхгүй явбал, хүний итгэлийг дааж чадвал сайхан амьдардаг юм гэдгийг би бас ярьмаар санагддаг.
Надад өнөөдөр дутагдах юм алга. Сайхан гэр бүл байна. Аав ээж минь эрүүл энх байна. Гэр бүлийнхэн, хамаатан, дотнын хүмүүс минь эрүүл энх сайхан байна. Ажилчдынхаа цалинг толгой өвдөхгүй тавьж чадаж байна. Надад дутаад байгаа юм алга. Би хэн нэгэн хүн рүү дуртай цагтаа утастаад мэдээллээ авч чадаж байна. Мэдээллээ сайхан хүргэж чадаж байна. Надад дутаад байгаа юм үнэхээр алга.
Хүмүүсийн итгэл гэдэг айхавтар юм байдгийг өнгөрсөн хугацаанд би зөндөө харсан. Тийм учраас энэ олон хүний итгэлийг алдахгүй юмсан даа л гэж айдастай явдаг. Итгэлийг алдаж болох ганц зүйл бол мөнгө. Харин би мөнгөнд бүдэрдэг цаг өнгөрсөн. Зариг хэдийн хүчээ авчихсан. Бүх хүргэж буй мэдээллийг үнэн гэж итгэдэг болсон. Хамгийн өндөр хандалтыг авч байна. Өөр юу хүсэх вэ.