Бид өмнө нь Дорнодчууд М.Бадамсүрэнг Засаг дарга болгохыг эсэргүүцэж түүний булхайг дэлгэж буй талаар хүргэсэн. Тэгвэл өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зарим аймгаас Засаг дарга болгох хүсэлтэй хүмүүсийн нэрсийг илгээсэн тухай хэлсэн нь дорнодчуудыг дахин сандаргажээ.
Учир нь М.Бадамсүрэн бидний өмнө бичсэнээс илүү олон үйлдлээр нутаг орондоо зарцуулах хөрөнгөөс шомбоддог гэнэ. Тиймээс мань хүнийг Дорнод аймгийн МАН-ын хороо “том” дарга нартайгаа нийлж Засаг дарга болгоно гэвэл эсэргүүцлээ улам бүр хурцатгана гэж байгаа ажээ.
М.Бадамсүрэнг бид Буйр нуурыг хамгаалах нэрээр мөнгө завшдаг гэх асуудлаар АТГ-т шалгуулахаар иргэд хандсан ч тус газар “амаа үдүүлсэн” мэт чимээгүй байгаа тухай дуулгасан. Тэгвэл мань хүн Буйр нуураас гадна Хэрлэн голыг ч мөн ашиглаж, мөнгө олох хэрэгсэл болгосон гэнэ. Тодруулбал, М.Бадамсүрэн өөрийн найз Х.Энх-Отгоныг хэлтсийн дарга байх үед нь Хэрлэн голын гүүрэн дээр хяналт, шалгалт сайжруулах нэрээр 150 сая төгрөгийн камер суурилуулахаар төсөв тавьж, батлуулсан байна.
Гэвч өнөөх нь орчин үеийн гэж онцгойлох бус нэр төдий, маш муу эд байж. Бүр цагдаагийн байгууллагынхан нь ч хэвийн ажиллахгүй байгаад нь байнга гомдоллодог гэнэ. Мэдээж энгийн компани байсан бол хамгийн сүүлийн үеийн камер нэхэгдэх байсан биз.
Даанч М.Бадамсүрэнгийн найз нөхдөөр дамжиж, “шахагдсан” камер учраас хэл амтай ч байсаар байгаа аж. Гэхдээ хачирхалтай нь 2017-2018 онд хийгдэх ажил “луу унжиж” явсаар энэ онд л “тавигдаж” сүрийг үзүүлсэн их ажлын нэр зүүгээд байгаа ажээ.
Мань М.Бадамсүрэн даргын бас нэгэн балаг нь өнөөх л уул уурхайтай холбоотой. Тэрбээр Дорнод аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 20 ААН-ээс 2019 онд 4.3 тэрбум төгрөгийн хандив, тусламж авахаар төлөвлөсөн байж.
Ингэхдээ дээд шатны байгууллага болох Засгийн газар, Ерөнхий сайдаас огтхон ч зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулж, мөнгийг нь зарцуулсан гэгддэг. Түүгээр ч зогсохгүй дөрвөн компаниас 300 гаруй сая төгрөг гэрээ байгуулалгүй авсан хэрнээ төсөвтөө оруулсан байсныг нь аудитын дүгнэлтээр баталгаажуулжээ.
Дорнодын их талд Засаг дарга М.Бадамсүрэнгийн оролцохгүй мөнгөний ажил гэж тун ховор. Бараг ихэнх тендерийг мань хүн өөрийн найз, нөхөд, ах, дүүсийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхээр болчихдог.
Тухайлбал, М.Бадамсүрэнгийн найз, ИТХ-ын төлөөлөгч Мөнх-Оргилын 3-4 нууц компанид Матад суманд 200 сая төгрөг, Гурванзагал суманд 160 орчим орчим төгрөгийн ажлыг шууд гэрээгээр өгсөн гэгддэг. Үүнийг нь батлах мэт Мөнх-Оргил нь “тендерийг бол 10 хувийг нь өгөөд л авчихна” хэмээн томордог талаар нутгийн иргэд нь ярилцах болжээ.
Энэ мэтчилэн аймагтаа эзэн суусан биш эргэлтийн хөрөнгөө өсгөх бизнес хийж буй мэт авирладаг М.Бадамсүрэнг дахин Засаг дарга болгохгүйн тулд иргэд АТГ-т хандсаныг Ерөнхий сайд та мэдсэн болов уу. Ажил хийх хүмүүсээ албан тушаалд тавина гэх амандаа хүрч М.Бадамсүрэнгийн асуудлыг нягталж, АТГ-аас ч асууж, сурсан нь ирэх дөрвөн жилд энэ аймагт сэтгэл, зүтгэлтэй хүнээ л илгээгээрэй дээ.
Эх сурвалж: Erennews.mn