Энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй. Улсын Их баяр наадмыг энэ жил 2.3 тэрбумаар зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон юм. Тэгвэл баяр наадмын санхүүжилттэй холбоотойгоор УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар “Баяр наадмын санхүүжилтээс нэг ч төгрөг шилжүүлээгүйгээс наадмын ажил цалгардаж байна” хэмээн мэдээлсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин баяр наадмын санхүүжилтэд 1 тэрбумыг шилжүүлсэн болохыг мэдэгдлээ.
Ийнхүү тэдний Улсын Их баяр наадмын санхүүжилттэй холбоотой ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд нэг ч төгрөг шилжүүлээгүй байна
/УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар/:
-Үндэсний их баяр наадмын төсвийг баталсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүй байна. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Уран бүтээлчид өчнөөн долоо хоног хүлээлээ. Хил гааль хаалттай, бараа материалын үнэ хэд дахин өссөн байна. Үйлдвэрлэл хийх гол мэргэжилтэн болох зураач, гагнуурчин, хувцас дизайны хүмүүс мөнгөгүй учраас хөдлөхгүй байна. Ядаж урьдчилгаа авмаар байна гэдгээ хэлж буй. Бид аргаа бараад пост бичлээ. Өмнөх жилүүдэд өдийд хамаг ажлаа нугалчихсан байдаг. Энэ жил наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос “Одоо төсөв шийднэ”, “Удахгүй шийдэж байна” гэсэн хариулт өгч байна.
Өмнө нь наадмын нээлт, хаалтын концертод 800 гаруй цэрэг оролцдог байсан бол энэ жил 200 цэрэг, 160 орчим мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл, оюутнууд болон УДЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ 400 гаруй хүн оролцоно. Хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. Өнгөрсөн жил Б.Чинбаттай хамтарч ажиллана гэж байгаад хамаг ажлаа хийсний дараа цахим наадам зохион байгуулсан байх жишээтэй.
Гэрээ байгуулсан уран бүтээлчдийн 70 хувийн санхүүжилтийг шилжүүлж байна
/Соёлын сайд Ч.Номин/:
-Уран бүтээлчдийн зардалд нэг тэрбум төгрөгийг одоогийн байдлаар шилжүүлсэн. Уран бүтээлчдийн хувьд ямар нэгэн ажилд ороогүй жүжигчид янз бүрийн мэдэгдэл хийж байна. Ард түмэн дурын уран бүтээлч олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж байгаа мэдээлэлд битгий итгээсэй. Наадмын продюсер, найруулагчид гэрээ байгуулж, уран бүтээлийнхээ зардалд нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Баяр наадмын тухай хуулиараа нийслэлд бүх төсөв тавигддаг.
Цap тaxлaaс улбаатай төсөв хүндрэлтэй байгаа. Тэр ч утгаараа Соёлын яамнаас энэ төсвийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар төсвөө нэгтгэж байна. Дэлхий дахинд үнийн өсөлт маш өндөр байгаа бөгөөд уран бүтээлчдийн зүгээс 3-4 дахин өндөр өртгөөр бүтээл хийхээр байна гэдгийг хэлж буй. Одоо гэрээ байгуулсан уран бүтээлчдийн 70 хувийн санхүүжилтийг шилжүүлж байна. Ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн. Аливаа нэгэн хувь хүний сэтгэгдэлд тулгуурлан ташаа мэдээлэл битгий аваасай. Тухайн жүжигчин наадмын нээлт, хаалтын концертод хэрхэн оролцож байгааг мэдэхгүй байна.