Төрийн ордонд өнөөдөр /2022.04.07/ эдийн засгийн чуулган болж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд өөдрөг төсөөлөл ярьж байна. Харин ордны гадна талд залуус үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийж, Сүхбаатарын талбайг хэдэндээ гороолно. Тэдний амнаас “Амьдрах арга алга”, “Юмны үнэ арай л байна” гэх итгэлгүй үг унана.
Жагсагчид дунд хичээлээ таслаад ирсэн оюутан. Ажлаасаа чөлөө авсан залуу бас ажилгүй нэгэн ч ирсэн байна. Хүүхдээ тэвэрсэн аав. Тэргэнцэртэй ээжийгээ түрсэн бяцхан охин. Хар шил, цагаан цувтай ганган эр. Костюмтой албан хаагч гээд “нийгэм” бүхэлдээ цугларчээ.
“АЖИЛ ХИЙГЭЭД ОЛСОН МӨНГӨ МӨРӨӨДӨХӨД ХҮРЭХГҮЙ БАЙНА”
МУИС-ийн оюутан Л.Хишгээ “Жагсъя гэж бодоод л байсан юм. Хүмүүс жагсахыг хүлээж байлаа. Юмны үнэ маш их өсөөд байна. Яаж амьдрах юм бэ. Монголчууд хэрхэн аз жаргалтай амьдрах вэ биш. Яаж амь зуух вэ л гэж бодож байна шүү дээ. Би уг нь хичээлтэй. Гэхдээ хичээлээ таслаад хүрээд ирлээ.
Би сая дэлгүүр ороод нэг ширхэг хүслийн ундаа авлаа. Гэтэл 2500 төгрөг болжээ. Өмнө нь 1500 төгрөг байсан шүү дээ. Ганц ундааны үнэ өссөн жишээ л ийм байна. Амьдрах арга үнэхээр алга. Тиймээс төрийн эрхэм түшээдээс үнийн өсөлтийг хязгаарлаж, ажилгүйдлийн түвшинг бууруулаад өгөөч л гэж хүсэж байна.
Залуус гадагшаа олноор явж байна. Тэд хүссэн болохоороо явж байгаа биш шүү дээ. Монголд сайхан амьдрах ямар ч боломжгүй учраас зайлшгүй шаардлагаар л явж байна. Ажил хийгээд олсон мөнгөө ахуйн хэрэглээний зүйлсээ авахад л зарцуулаад дуусдаг. Ард нь мөрөөдөх, төлөвлөх, зорих, зориглох мөнгө үлдэхгүй байна шүү дээ” гэж ярилаа.
“ЮУ Ч ҮГҮЙ ХООСОН ҮЛДСЭН Ч ТА НАР ҮГҮЙ БОЛ ХӨГЖИНӨ”
Жагсаалд оролцож буй О.Батжаргал “Энэ жагсаал 2-3 өдрийн өмнө эхэлсэн. Ирэхийг маш их хүссэн ч ажилтай болохоор амжихгүй байлаа. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад хүрээд ирлээ. Хамт олон маань ажлыг чинь хийж байя, очоод үеийнхэнтэйгээ хамтдаа дуу хоолойгоо хүргээд ир гээд дэмжээд явуулсан. Тэгэхээр энэ бол ганц залуусын жагсаал биш, бүх хүний тэмцэл гэж хэлмээр байна.
Монголд бөгс долоогчид хаа сайгүй болчихжээ. Эрх мэдэлтний хий гэснийг хийж, үзэл бодлоо хүртэл худалдаж, хүний хэлсэн үгийг цахим хаягтаа нийтэлж амьдарч байгаа нь үнэндээ л ичмээр байна. Адилхан гартай, хөлтэй хүмүүс хэр нь яаж ингэж амьдардаг юм бэ гэж үнэхээр гайхах юм.
Би жирийн л “хар” ажил хийдэг. Гэхдээ би тэднээс хамаагүй илүү гоё амьдарч байгаа. Яагаад гэвэл би хэн нэгний хэлснээр, хүссэнээр биш өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байна. Би сард 800 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард нэмэгдээд 1.2 сая төгрөг болсон. Цалин нэмэгдсэн гээд их баярлаж байсан болов ч гурван сарын өмнөхөөс ямар ч ялгаа алга.
Үндэсний үйлдвэрлэгчдийг ч гайхаж байна. Яагаад сүү, цагаан идээг Монголдоо үйлдвэрлэж байгаа хэр нь үнэ нь тэнгэрт хадаад байна вэ. Гомдмоор ч юм шиг. Бүр уулга алдмаар. Ард иргэдийн амьдрал хүнд байхад энэ эрх мэдэлтнүүд даажигнаж байгаа юм шиг хошин юм их ярина. “Найрамдал” хүүхдийн зуслан дээр ямар новшоо хийж яваа юм бэ. Ийм арчаагүй хүмүүстэй хамт амьдрахаас ичиж байна.
Тийм учраас би өнөөдөр “Юу ч үгүй хоосон ч та наргүй улсыг залуус бид хөгжүүлж чадна” гэсэн лоозон бариад ирсэн. Та нар зайлчих юм бол бид хөгжүүлж чадна. Авч болох бүх зүйлээ аваад яв. Юу ч үгүй хоосон үлдсэн ч бид авилгагүй нийгэм, аз жаргалтай улсыг хангалттай бий болгож чадна” гэв.
“ЭНЭ УЛСАД АМЬДАРМААРГҮЙ БОЛТОЛ АМЬДРУУЛЖ БАЙНА”
Багш Э.Ганхуяг “Нийгэмд тулгамдаад байгаа бүхий л асуудлын эсрэг тэмцэхээр ирлээ. Яах вэ, би өнөөдөр урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд амьдраад болоод л байна. Гэтэл биднээс доогуур түвшний, амьдралын баталгаагүй хүмүүс зөндөө байгаа. Тэдэнд бас үр хүүхэд бий.
Өргөн хэрэглээний барааны үнэ цаашид улам л өснө. Тэгэхээр өнөөдөр л бид тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэхгүй бол оройтно. Тийм учраас энэ жагсаалын тухай сонсож, үзэж, харж байгаа бүх залуус хүрэлцэн ирж дуу, хоолойгоо нэгтгээрэй гэж хүсэж байна.
Цалин амьдралд хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд л амьдарч байна шүү дээ. Миний хувьд ганц бие. Ганц бие байгаад ч сарын цалингаа хүргэх гэж ухаанаа уралдуулж байна. “Ганц бие тулдаа л цалингаа хүргэж байна” гэх агуулгатай хошин үг сошиалаар явдаг байлаа. Одоо уучлаарай, ганц бие хүн ч амьдрах аргагүй нийгэм болсон шүү. Үнэндээ л Улаанбаатар хотод амьдармааргүй санагдтал амьдруулж байна.
Би улсад 2014 оноос хойш найм дахь жилдээ татвар төлж байна. Төлсөн татвараа бодвол хэдэн өрөө байр авах мөнгө болжээ. Гэтэл эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авахад хүртэл надад үзүүлж байгаа хөнгөлөлт нь хөгийн юм байдаг. Би тэтгэвэрт гартлаа улсад хөдөлмөрлөлөө гэхэд тэр мөнгийг эргээд авах боломж одоогийн хуулиар бол бүрдэхгүй. Ингээд бодохоор л үнэхээр энэ хотод амьдармааргүй байна.
Ингээд буугаад өгөх биш нөгөө талд бас тэмцмээр байна. “Тэмцдэггүй иргэдтэй улс мөхдөг” гэж үг байдаг. Тэгэхээр “Залуучуудаа нэгдээрэй. Тэмцдэг залуус гоё шүү” гэсэн лоозон бариад ирлээ” гэж ярилаа.
gogo.mn