УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өдгөө мөр зэрэгцэн суугаа гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээлийг олгосон асуудлыг олон жил ярилаа.
Тиймдээ ч Г.Амартүвшинг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгахыг ТББ, холбоод шаардсаар буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн болохоос нь өмнөх асуудал учраас хариуцлагын тухай ярих боломжгүй” хэмээсэн билээ. Харин Хөгжлийн банкны хэрэг өдгөө өндрөө авч, АТГ ч шалгалтын ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хөврөх боллоо. Харин энэ талаар Г.Дамдинням гишүүн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Ахиад л баахан гүтгэлэг. Бүгдээрээ мэдээллийн эх сурвалжаа шалгаж залруулна уу. Надад огт холбоогүй асуудлаар тасралтгүй нэг жил гүтгэлээ. Хууль бус юм хийсэн бол очих газарт нь очоод шалгуулахад айх юм алга.
Мэдээж АТГ хэрэг бүртгэлт хийж, тодруулга авах ёстой биз. Тэр нь “Яллагдагч”-аар татсан гэсэн үг биш юм, хуулиараа. Хэрэг хийгээгүй юм чинь яалтай билээ. Хэвлэлүүдээс асуухаар гэрээтэй, төлбөртэй мэдээ л гэнэ. Эх сурвалжаа нууцлаад хэлэхгүй. Өрсөлдөгчид минь дээ, жаахан шударга өрсөлдвөл яасан юм бэ. Дэмий худлаа юманд хайран мөнгө, цагаа зарах юм даа. Үнэн аяндаа тодрох үед улам бүр гялалзаж, Та хэдийгээ гомдоохвий дээ” гэжээ.