Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2021.11.09) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Тэрбээр Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор онцгойгийн албаныхны гүйцэтгэсэн гавьяа өндөр болохыг онцоллоо. Тухайлбал, “36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг татаж гаргасан нь алба хаагчдын хичээл зүтгэл” гэсэн юм. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх нэгэн үе. Учир нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо.
Ерөнхийлөгч хүний хувьд хамгийн их санаа чилээж байгаа зүйл бол улс орны тогтвортой байдал. Тиймдээ ч байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Цаашид энэ мэт үндэсний хэмжээний хөдөлгөөнт ажлыг санаачлан үргэлжлүүлнэ.
Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байна. Гэхдээ орчин үеийн техник хэрэгслээр хангаж, чадваржуулах тал дээр анхаарахыг хүсч байна. Алба хаагчид хэзээд бэлэн байдаг хүмүүс учир ар гэрийнхэнд нь ч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Шинэ гишүүдэд сургалт явуулж, төсөв хангамжийн талаар ойлголт өгөв
УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.