АТГ-аас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас зугтаж олдохгүй байгаа учир эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тэрээр бүртгүүлсэн хаяган дээрээ очихгүй байгаа бололтой.
Түүнийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгож, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татаад байгаа. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүлээж аваагүй юм.
Харин УИХ-ын гишүүн О.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бол, УИХ-ын гишүүн Г.Ундармаад холбогдох хэрэг прокурорын шатанд ирээд байна.
У.УЯН