“Өргөө” амаржих газрын эмч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж зургаан сартай хүү нь эрүүл мэндээрээ хохирсон талаар иргэн Х.Эрдэнэцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр: “Би аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ ус гараад “Өргөө” амаржих газар ирсэн. Намайг сэдэл хийж төрүүлнэ гэх байдлаар гурван өдөр усгүй өвтгөсөн. Ингээд 10 сарын 4-ны өдөр хийсвэрээр төрүүлж би мэс заслын тасагт, хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу бүтэлттэй гээд аваад явсан. Дөрөв хоногийн дараа би хүүтэйгээ анх уулзахад маш их өрөвдсөн. Битүү аппарат залгачихсан.
Бид хоёр Өргөө амаржих газар сар 20 хоног аппараттай байсан. Ингээд ЭХЭМҮТ рүү шилжүүлэх гэтэл бид хоёр хоёулаа Өргөөгөөс ковидын халдвар авчихсан байсан. Тийм учраас эх нялхас авахгүй эргээд эднийд ирээд дөрвөн давхарт “хоригдсон”. Тэр үед энэ эмнэлэг надад аяга цай ч өгөөгүй, нэг ширхэг парацетамол ч өгөөгүй.
Нөхөр маань гаднаас бүхнийг зөөж байсан. Өнөөдөр миний зургаан сартай хүү хоёр сартай хүүхэд шиг жижигхэн, толгойгоо даахгүй, харахгүй, байнга татаж байна. Төрөхийг буруу удирдсан “Өргөө” амаржих газрын эмч Оргилсайхан, Мядагмаа эмчид сэтгэл байгаагүй. “Миний хүүхэд бүтлээ ш тээ ” гэж би эмч, сувилагч, дадлагын оюутанд хүртэл хэлсэн. Тэгэхэд “зүгээр, зүгээр зүрх нь цохилж байна. Залуу хүн байж тэвчээртэй бай. Чамайг ганцааранг нь үзэхгүй байна уу” гэсэн.
Би өнөөдөр үнэхээр гомдолтой байна. Ээж, ааваа хараад инээгээд, эгч ах нартайгаа тоглоод сууж байх хүүхдийг минь ийм болгочихсон. “Өргөө” амаржихынхан эхээсээ халдвар авсан гэж хэлдэг. Тэд нар өөрсдөө ус нь гарчихсан хүүхдийг гурав хоног өвтгөж ийм болгосон. Өнөөдөр аав нь ажлаа ч хийж чадахгүй, гэр бүл санхүү, сэтгэл санааны хохиролд ороод сууж байна. Өдөр шөнөгүй татаж байгаа хүүхдээ аваад байнга эмнэлгээр явж өдий хүрлээ” гэлээ.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN













