Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр Б.Жагар Дээд шүүхэд хүсэлт явуулсан ч тус намыг улсын бүртгэлд бүртгэсэнгүй.
Шалтгаан нь САИНН-ын дарга гэх Б.Жагар “намын нэг гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд зарим иргэний мэдээлэл зөрсөн, шивэлт техникийн алдааг засах боломжийг хүссэн” хүсэлтийг Дээд шүүхэд өгсөн байна. Улмаар материалаа засах хүсэлтээ энэ сарын 21-нд өгсөн ч 22-ны өдөр нам бүртгүүлэх материалаа бүгдийг нь татаж авахаар болсон тул Дээд шүүхээс нам байгуулах өргөдлийг нь буцаажээ.
Энэ нь түүний анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил гэхэд л дөрвөн ч удаа намыг нь бүртгэхээс Дээд шүүх татгалзсан байдаг. Тухайлбал,
Хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Б.Жагарын намд гишүүний бүртгэлтэй гэх 960 хүний баримтаас 695 нь улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар тохироогүй юм. Үүнд, регистерийн дугаар буруу 199, нас барсан хоёр, хуурамч мэдээлэл нэг байсан
Дөрөвдүгээр сарын 18-нд 927 иргэний 432-ынх нь мэдээлэл улсын бүртгэлд буй мэдээлэлтэй тохироогүй
Зургаадугаар сарын 15-нд Улс төрийн намын тухай хуульд заасан хэд хэдэн дүрмийг нарийвчлан зохицуулаагүй
Аравдугаар сарын 26-нд Улс төрийн намын тухай хуульд заасан заалтуудад нийцээгүй гэх шалтгаанаар бүртгээгүй.
Б.Жагар ийн 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө нэг намтай болчих гээд хэд хэдэн удаа УДШ хандаж, үзэж тарж байна. Гэвч хүсэл нь биелдэггүй. Гандан буурахгүй УДШ-д хандсаар.
Тэрбээр 2020 оны сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болчихсон. Төрийн албанд орохоос өмнө “Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний зохицуулагч” гэх гуншинтай байв. Үүгээрээ хаана жагсаал болно, тэнд явж байдаг байв. Жагсаал, цуглаанаар гаршиж, “шантаажчин” гэгдтэлээ нэр хүндгүй болсон жижиг намтай байх, түүгээрээ дамжиж мөнгөжихгүй юм аа гэхэд улстөрд орох шат дамжлага болчихсон нь үнэн. Түүний намтай болох зорилго, сонирхол ч ийм байхыг үгүйсгэхгүй билээ.