Х Богдоор “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын зээ буюу Ч.Мөнхнасангийн хүү тодорсон тухай мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр Гандантэгчэнлин хийдээс албан мэдээлэл өгөөгүй байгаа ч XIV Далай лам өөрөө энэ талаар мэдэгдсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тойм, анализ бичин нийтэлж, олон нийт бүгдээр шуугьсан эл хугацаанд “Х Богд бол Ц.Гарамжавын зээ биш” гэсэн үгүйсгэл гарч ирсэнгүй.
Тэгвэл, өчигдөр Ч.Мөнхнасан анх удаа хүүгийнхээ асуудлаар сошиалд “ам нээв”. Ингэхдээ “Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглодог. Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгэс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй” гэжээ. “Х Богд биш” гэсэнгүй. Харин хүүгээ нийгмийн, тэр бүү хэл дэлхийн хэмжээнд яригдах хүн болоод буй талаар нь орхигдуулжээ.
Олны мэдэж буйчлан, Х Богд бол XIV Далай ламын хойт дүрийг тодруулах учиртай. Далай лам Төвөдөөс дүрвэж, барууны орнуудад нээлттэй байр суурь илэрхийлэх замаар бурхны шашныг дэлхий нийтэд сурталчлан таниулж яваа нэгэн. Хэрэв Х Богд тодроогүй бол түүний хойт дүрийг БНХАУ-аас тодорсон XII Банчин Богд тодруулах учиртай байсан. Төвөдөөс тодруулсан Банчин Богдыг Хятадууд “нууж”, өөрсдөө шинээр тодруулсан нь өдгөө БНХАУ-ын Коммунист намд ажилладаг. Эл утгаар Далай ламын хойт дүрийг Хятадууд тодруулах нь эргэлзээтэй асуудал учир тэр өөрөө “Миний хойт дүр тодрохгүй байсан ч болно” хэмээж байсан удаатай.
Харин одоо Х Богд Монголоос тодорсон нь ил болсноор дэлхийн бурхны шашны хүндийн төв наашлах, АНУ-ын талаас ихээхэн анхаарал хандуулах, БНХАУ-ын тал ч үйл явцыг хянамгай ажиглах нөхцөл байдал үүссэн. Шашны, нэгдмэл үнэт зүйлийн, улс төрийн, геополитикийн ч чухал огтлолцол дээр Х Богд бий.
Хэдийгээр хүү найман настай ч цаг хугацаа өнгөрөх, мэдээлэл албажих тусмаа тэр дэлхийн хүн болно. Түүний гэр бүлийнхэн ч нийгмийн хүн болсон. Харин “Миний хүүгийн зургийг зөвшөөрөлгүй авч, ашиглалаа” гэсэн байдлаар хандсаар байх нь учир дутагдалтай билээ.
Мэдээж эх хүний нинж байлгүй л яах вэ. Харин нэгэнт дэлхийн хэмжээнд яригдах Х Богдоор төрүүлсэн хүү нь тодорсон бол дагаад ирэх нийгмийн бүх талын хандлагуудад бэлэн байх учиртай. Хүү өөрөө энэ бүхнээс ангид, шашин номын үйлдээ шамдах нь мэдээж. Ээжийн сэтгэл зүйн л асуудал болов уу гэх өнцөг байна.
2016 онд анх XIV Далай лам манай улсад ирээд, Х Богдыг тодруулсны дараа хүүгийн гэр бүл эсэргүүцэж, мэдээллийг нам дарахыг хүссэн гэдэг. Харин одоо цаг үе нь мөн гэж үзсэн тул Далай лам авшиг хүртээж, ёслолын үеэр “Х Богд энд сууж байна” хэмээн дэлхий нийтэд ам нээсэн билээ.













