Өчигдөр /2023.01.22/-ны өдөр өсвөр насны 15 настай хүү amь нacaa xopлocoн хэрэг гарчээ. Энэ талаар албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар,
“Тэрбээр өглөө нь найз нартайгаа уулзаж, дараа нь өөрийн Фейсбүүк хуудастаа шууд дамжуулалт хийж найз охиноосоо болж ийнхүү amиа хорлох болсон тухайгаа ярьсан” гэв. Иймд иргэд та бүхний өсвөр насны
хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч, тэдэнтэй ярилцаж байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
ЗӨВӨЛГӨӨ
Өсвөр үеийнхний бие сэтгэлзүйн онцлог, тэдэнтэй хэрхэн харьцах вэ?
Өсвөр нас гэдэг бол тэр чигээрээ харилцаа юм. Үүнийг эцэг, эхчүүд, насанд хүрэгчид тэр бүр ойлгодоггүй. Энэ үеийнхний хүүхдэрхэг төрх байдлын цаана байгаа “Том хүн” болох, насанд хүрэх чиг тэмүүлэлд гарч байгаа өөрчлөлтийг нь багш, эцэг эхчүүд олж хараагүй, захирч тушаан буруу харьцсанаас болж зөрчил үүсдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын тодорхойлолтоор 10-19 насныхныг өсвөр үе, 15-24 насныхныг залуучууд, энэ хоёр насны бүлгийг нийтэд нь буюу 10-24 насныхныг залуу хүмүүс гэж томьёолдог. Өсвөр нас гэдэг бол тэр чигээрээ харилцаа юм. Үүнийг эцэг, эхчүүд, насанд хүрэгчид тэр бүр ойлгодоггүй. Энэ үеийнхний хүүхдэрхэг төрх байдлын цаана байгаа “Том хүн” болох, насанд хүрэх чиг тэмүүлэлд гарч байгаа өөрчлөлтийг нь багш, эцэг эхчүүд олж хараагүй, захирч тушаан буруу харьцсанаас болж зөрчил үүсдэг байна. Өсвөр насанд аав, ээжийн хайр энэрэл, сэтгэл санааны дэмжлэг багасах болон зарим хүүхдэд байхгүй болж ирдэг байна. Энэ нь хүүхдийг харилцааны мэдрэмжийн дутмагшилд оруулж байдаг.
Өсвөр үеийнхний онцлог:
Өсвөр нас нь хөгжилтэй, бас гунигтай, уур уцаартай, эрч хүчтэй, гэнэн цайлган үе билээ. Энэ үеийг боломж ба эрсдэлийн үе ч гэж нэрлэдэг. Хүн төрөхөөсөө эхлэн насан эцэслэх хүртлээ хувьсан өөрчлөгдөж хөгжлийн тодорхой үе шатуудыг туулан өнгөрүүлдгээс өсвөр насанд бие бялдрын хөгжил хурдацтай явагдаж оюун ухаан, ёс суртахуун, нийгмийн ухамсар, бие хүний шинж чанар төлөвшдөг. Шилжилтийн үед бэлгийн бойжилт эрчимтэй явагдах бөгөөд хөгжлийн бүх талыг хамарсан чанарын эрс өөрчлөлт явагддаг. Ийм учраас энэ үеийг эрдэмтэд “Хорвоод хоёр дахь удаагаа мэндлэх үе” хэмээн нэрлэх нь бий.
Өсвөр насны өөрчлөлтийн үед хоёр том асуудалтай тулгарч байдаг.
1. Би- үзэл баримтлал. Өөрийн талаарх төсөөллийн ач холбогдол нэмэгдэн, өөрийгөө бусадтай харьцуулсан өөрийн үнэлгээ, зан төлөв төлөвшинө. Энэ насны сэтгэцийн хөгжлийн чухал хүчин зүйл нь үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа бөгөөд энэ насны зонхилох үйл явц болдог. Үе тэнгийнхнийхээ дунд зохих байр суурь эзлэх, нэр хүндтэй байх, нэг талаас бусадтай адил байх, нөгөө талаас тэднээс ялгарах хүсэл тэмүүлэл, түүгээрээ бахархах, гайхуулах хандлага илэрч байдаг.
Үүнийг би-үзэл баримтлал төлөвших гэнэ. Өөрийнхөө би-г хамгаалахын тулд аз сорих, түрэмгий авир гаргах хандлагатай байдаг. Өсвөр насныхны ихэнх хувь нь амьдралд амархан зохицдог гэж үздэг боловч хэд хэдэн судалгаанаас үзэхэд нийт өсвөр насныхны 10-20% нь хүнд ба хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлтөд ордог байна. Энэ нь сэтгэцийн хөгжлийн хэвийн үед богино хугацаанд үзэгдээд өнгөрдөг байна. Өсвөр насны хөгжлийн зөрчил нь зохистой шийдвэрлэгдвэл тэд өөрийн би-гээ сайтар ойлгох ба харин шийдэгдэж чадахгүй бол гүйцэтгэх ёстой олон үүрэг нь холилдон би-ойлголт нь сарнидаг байна.
2. Эцэг, эх асран хамгаалагчаас хараат бус байх. Энэ байдалд зөрчил үүсэж байдаг, өсвөр үеийнхний ихэнх нь хараат бус байдалд байхын тулд эцэг эхтэйгээ зөрчилддөг.
Энэ нь өсвөр насанд байх ёстой зүйлийн нэг. Гэхдээ бүгд зөрчилтэй байдаг гэвэл үгүй юм. Австрали, Унгар, Япон, Тайван, Турк, АНУ, Герман зэрэг улсад хийсэн өсвөр насны охид хөвгүүдээс авсан судалгаанд ихэнх хувь нь эцэг эх гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөөнгүй тайван байдаг гэж хариулжээ. Бага байхдаа оногдсон үүргийг хэрхэн биелүүлж байснаар өөрсдийгөө дүгнэж байсан бол өсвөр насанд урьд хийж байсан зүйлээ арай өөрөөр харж үнэлэлт дүгнэлт хийж, аливаа зүйлийг харьцуулж сурдаг байна. Энэ нь хуучин үүрэг хариуцлагаас зайлсхийж эцэг, эх, ах дүүтэйгээ өөр харьцаа тогтоож эхэлдэг гэсэн үг юм. Гэвч энэ үед хүүхдийнхээ гаргах ёстой шийдвэрийг өмнөөс нь гаргадаг гэдгээ эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй. Өсвөр насныхан өөрийн мөрөөдлөөр дамжуулан цаашдын зорилгоо тодорхойлдог. Өсвөр насанд гарах зөрчил нь өөрийн би-г алдахаас айх, өөрийнхөөрөө байх, өөрийн өвөрмөц, тусгаар дотоод ертөнцийг хадгалж үлдэх үү, эсвэл бусадтай хуваалцах уу гэх мэдрэмжээр илэрдэг. Энэ нь хөгжлийн хямралаар дамжин, бие даасан байдлын төлөөх тэмцлээр илэрч, өөрийгөө сорих, бататгах гэсэн хэрэгцээгээ хангаж, цаашид амьдралын бэрхшээлийг даван туулахад нь туслах зан үйлийн хэлбэрүүд болон төлөвшдөг байна.
Өсвөр насны хямрал:
Энэ насанд хамгийн гол нөлөөлдөг зүйл бол “хямрал” юм. Хямрал нь хоёр талтай. Үүнд: Нэгд, насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандах хандлага, харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, сурах үйл ажиллагааны сонирхол буурах, дуулгаваргүй болох, хэт дуулгавартай байх. Зөрчилтэй зан авир гаргах шинж нь насанд хүрэгчид болон эцэг эхдээ түрэмгий аашлах, эсвэл дуугаа хураах, багш нарын санааг хүлээж авахгүй, захирагдахгүй зовоох, хорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх, найз нөхдийн хүрээлэлд татагдах, тэднийг дагах, томчуудын үгийг үл ойшоон өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт. Хоёрт, Өөрийгөө насанд хүрэгчидтэй сөргүүлэн тавих, шинэ байр суурийг идэвхтэй эзэмдэх нь өсвөр насныхны нийгэмшихүйд чухал ач холбогдолтой.
Сэтгэл зүйн онцлог:
Сэтгэл зүйн хувьд хүүхэд өөрийгөө “Том хүн” боллоо хэмээн бодож насанд хүрсэн хүний байр сууринаас аливаад хандахыг хичээдэг. Энэхүү мэдрэмжийн илрэл нь :
- Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайна.
- Нийгэмшихүйн хүрээнд дээрх мэдрэмж нь насанд хүрэгч ба өсвөр насныхны хоорондын хамтын ажиллагааны явцад үүснэ.
- Оюун ухааны хүрээнд дээрх мэдрэмж нь мэдлэг чадвараа тэлэх гэсэн хүсэл тэмүүллээр илэрнэ.
- Ирээдүйнхээ төлөө санаа зовних: Би ямар ажил хийх вэ? Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог.
- Мөн хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эрэгтэй хүний намба төрхтэй болдог. Бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж хүүхдийн гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлзэнэ.
Өсвөр үеийг дотор нь эрт өсвөр/10-12 нас/, дунд өсвөр/13-15 нас/, хожуу өсвөр/16-17 нас/ гэж ангилна.
10-12 насанд бие бялдрын тухай ойлголт өөрчлөгдөн, олны анхааралд байгаа мэт мэдрэмжтэй байна. Ааш зан тогтворгүй, хийсвэрээр мөрөөдөх, бодит биш зорилго тавих, ганцаараа байхыг илүүд үзнэ, хөвгүүд илүү хувиа хичээмтгий болдог. Мөн бие даасан байдал, хараат байдлын хязгаарыг тогтоож сурна, эцэг эхтэйгээ зөрчилдөж эхэлнэ, маргаанч зөрүүд хувийн нууц ихтэй болно.
13-15 насанд хийсвэрлэх сэтгэлгээ тогтоно, өөрийн биеийн өөрчлөлтөд дасаж, гадна төрхөө сайжруулах талаар их анхаарна, үе тэнгийнхнээс хамаарал ихтэй, эрсдэлд өртөмхий, сэтгэл гутрах нь их, өөрийн болон бусдын сэтгэлийг илүү ойлгодог болно. Мөн хяналт тавиулах дургүй болно, үүнээс болж гэр бүлийн зөрчилдөөн үүсдэг.
16-17 насанд оюуны болон үүрэг хариуцлагаа тодорхойлох чадвар бий болно. Мөн эцэг эхийн болон бусдын шүүмжлэлийг хүлээж авах чадвартай, бие дааж шийдвэр гаргана, эцэг эхийн үгэнд орно, охид илүү хувиа хичээмтгий болдог. Ганцаарчилсан харьцааг илүү эрхэмлэдэг, хувь хүний хувьд өөрийн бодит мэдрэмжтэй, хүүхэд-эцэг эхийн харилцаа нь насанд хүрэгсдийн харилцаа болж өөрчлөгдөнө.
9-12 насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ?
Дунд ангид ороход хүүхдийн сургууль болон сурах үйл ажиллагаанд хандах хандлага нэлээд тодорхой тогтож төлөвшсөн байдаг. Энэ үед аливааг нээж таних зохистой боломж олгож чадвал суралцах сонирхол нь сайн хадгалагдан үлдэнэ.
Хүүхдийн энэ үе шатанд шинэ боломж ба бэрхшээлийн аль аль нь гарч ирдэг. Сэтгэл хөдлөл амархан өөрчлөгддөг хувирамтгай байна. Нэг өдөр өөртөө итгэлтэй зорилготой байснаа маргааш нь итгэлгүй нэгэн болж хувирч болзошгүй байдаг. Энэ насанд сэтгэл санааны тогтвортой байдлыг нь ханган, хүүхдийн сэтгэлийг хүндэлж, тэднийг зовоож байгаа зүйлийн талаар сонсож, асуултад нь хариулж, харилцаагаа хэрхэн зөв залж явах, өөртөө итгэх итгэлийг нь сайжруулахын тулд халуун дотно уур амьсгал бүрдүүлж ажиллан тэдэнд зааж, чиглэл зөвлөгөө өгөх хэрэгтэй.
13-18 насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ?
Энэ насанд аливаа асуудалд шинжлэх ухааны үүднээс хандаж, таамаглал дэвшүүлэн, тэдгээр таамаглалаа системтэйгээр шалгах чадвартай болно. Тэд улс төр, уламжлал гэх мэт том асуудлын талаар бодож эргэцүүлэх чадвартай болдог. Энэ насны хувьд тэргүүний зорилго нь өөрийн би-г тодорхойлох явдал байдаг. Үеийнхэндээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, хувийн онцлогоо тэдэнд таниулан мэдрүүлж, тодорхой бүлэгт харьяалагдах шинэ арга замыг хайж байдаг. Тэдэнд харьяалагдах ба хамааралгүй байх буюу бие даах хэрэгцээ нь нэгэн зэрэг хурцаар мэдрэгдэж байдаг. Тэд томчуудын дүр төрхийг дуурайж, хийж үзэхийг хүсэж эрсдэлтэй алхам хийдэг байна. Энэ үед тухайн хүүхдийн чадварыг үнэлэх, зэмлэхгүй байх, давуу тал, чадварыг нь үнэлж зөв чиглүүлэх, бие даасан байдлыг нь дэмжих, тэдэнтэй халуун дотно уур амьсгал бүрдүүлэх, хувийн сонирхлын сайн талыг нь дэмжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох нь чухал юм.
Эх сурвалж: “Өсвөр үеийнхэнд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө” ном













