Яруу найрагч Ц.Хулан буруутай нь тогтоогдвол 8-15 жил хорих ялаар шийтгэгдэнэ
Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хууль
19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
***
Яруу найрагч Ц.Хуланг Тагнуулын ерөнхий газраас саатуулж, түүнийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүнтэй холбоотойгоор түүний хүү У.Равдан олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хийжээ.

Тэрбээр “Ээжийг минь зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Миний ээж эх орноосоо урвах хүн биш” гэв.
У.Равдан хэлэхдээ “Олон мянган залуусын адил Австрали улсад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Бусдын адил барилга дээр ажилладаг. Ээжийг минь насанд хүрээгүй бага хүүтэйгээ хамт байхад нь дөрөв хоногийн өмнө өглөө эрт гэрт нь 20 гаруй тагнуулын байгууллагын ажилтнууд нэвтэрсэн. Тэгээд дүүгийн минь гар утсыг хурааж, ээжийг минь шөнө дөл болтол байцаасан байна.
Дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цаг хорьсон гэж сонслоо. Ямар хэрэг зохиогоод хорьчихов оо. Ээж минь өөрийн шүлэг, нийтлэлийг хэнээс ч айлгүй бичиж, нийтэлж ирсэн. Хэнийг ч шүүхийн шийдвэр гараагүй байхад битгий яллаж байгаарай. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг адгийн зан байхгүй шүү. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш” гэсэн юм.













