Чив чимээгүй байж байгаад гэнэт л сайд болоод гараад ирсэн хүн бол Т.Мөнхсайхан. Баян айлын эрх хүү яаж яваад хүндхэн хийгээд нэр хүндтэй албуудыг хашчихав гэдэг бас л сонин. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар тэрээр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авсан гэх.
2017 онд түүний хадгаламжинд 7 тэрбум төгрөг байсан бол, 2019 онд эрс багасаж 245 сая болсон байна. Мөн “Хүчит шонхор” ХХК, “Тэнгэрийн Шонхор” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг. Түүнийг ойр, тойрныхон нь “Хүчит шонхор”, “Миркури” захын эзний хүүхэд өв залгамжлагч ярьдаг.

Өнгөрсөн дөрвөн жил ГССҮТ-ийн захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийг удирдаж байснаас нь харахад энэ яриа оргүй ч биш байх. ‘Хүчит шонхор’, ‘Меркури’ захын өв залгамжлагч Т.Мөнхсайхан сайд болсоны учир зүй нэг иймэрхүү. Харин түүний хувийн амьдрал хийгээд ХОМ-тэй танилцвал их л сонин содон зүйлс гарч ирнэ. Тухайлбал, ХОМ-үүлэг нь нэг жилийн дотор тэс өөр болсон. Тэрбумын үнэтэй орон сууц, хадгаламжтай гээд залуу өв залгамжлагчийн хөрөнгө, орлого нүд бүлтгийм байдаг шүү.
-Т.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ-
Т.Мөнхсайханы хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. Анагаах ухааны магистр, докторант, клиникийн проффессор мэс засалч нэгэн юм. Үүнээс гадна түүний намтараас олны анхаарлыг татаж буй нэг асуудал нь хөрөнгө орлогын мэдүүлэг нь байдаг. Тэрбээр 2018 онд 7 тэрбум 950 сая төгрөг, 2019 онд 14 сая төгрөгийн орлоготой хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Мөн дөрвөн тэрбум 445 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, өвөлжөө, хаваржааны газартай, 245 сая төгрөгийн хадгаламжтай гэж 2019 оны мэдүүлэгтээ дурдсан байна.
Баян айлд ус ч авч үзэлгүй, эрх танхи өссөн тэрээр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авсан гэдэг. Учир нь Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайд байх үед тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилогдсон юм.
-Т.МӨНХСАЙХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ, УЛС ТӨРД
БАЛЧИРДАЖ БАЙНА УУ-
Т.Мөнхсайхан сайдын хувьд томилогдсоноосоо хойш хэд, хэдэн удаа олны хэл ам, шүүмжлэлд өртөөд авсан. Тодруулбал, сайд болсныхоо дараа яамны төлөвлөгөөт хуралдаа суухгүй, ажлаа мэдэхгүй байна гэж загнуулснаас гадна НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордиц, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын хүмүүстэй Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алаг таших эмч нарын дундуур улаан хивс дээгүүр алхсан нь олны шүүмжлэлд өртсөн юм.

Мөн яамны шинэчлэл эхлүүлэх нэрээр албад, хэлтсийн нэр өөрчилсөн, “Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад өндөр үнээр биш эх орондоо эмчлэх боломжтой болсон” гэх мэт буруу ярьж шүүмжлэлд өртдөг гээд байнга л хэл ам татлаастай байх юм.
Мөн хавдартай хүүхдүүдтэй ээжүүд түүнтэй уулзаж учир байдлаа ярилцаж зөвлөлдөхөөр очиход зугатаасан оронд нь төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыгаа уулзуулахад нөгөөх нь эцэг, эхчүүдийг тавлан, доромжилж “Тавилан юм даа” гэж хэлсэн, олон өвчтэй хүүхдийг дорд үзсэн гэх мэтээр түүнтэй холбоотой асуудал утас шиг хөвөрнө.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд Т.Мөнхсайхан сайдыг хуулиа бүрэн уншиж ойлгоогүй байх юм. Т.Мөнхсайхан сайд ажилдаа гүн орсон бол хуулийн хэрэгжилтийг харж, туршлага цуглуулах ёстой байсан. Тэгсэн бол зөрчилдөөн үүсэхгүй байлаа хэмээн шүүмжилж байсан юм. Ямартай ч Т.Мөнхсайхан сайд Эрүүл мэндийн салбарт, улс төрд ч балчирдаж байна.













