Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн Тус төслийг хэрэгжүүлэх “Туул, Сэлбэ голын орчинг тохижуулах” төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон. Энэ төслийн нэгжид ирэх жил 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан юм. Тэгвэл Б.Цэцэгээс дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийгмийн өндөр ач холбогдолтой ийм төслийг улс төр, хувь хүний зорилготойгоор эгүүлэн татаж байгаад гайхаж байна. Сэлбийн асуудал өнөөдрөөр дуусахгүй. Ирээдүй хойч үе ямар болох юм мэдэхгүй. Ундны усны эх үүсвэр болж байгаа 10 орчим булаг шанд ширгэлээ. Анхнаасаа цахимд тохижилтийн асуудал хэмээн сэвж эхэлсэн. Энэ бол тохижилттой холбоотой асуудал ердөөсөө биш. Углуургаараа байгаль орчны экосистемийг хадгалах өндөр ач холбогдолтой төсөл. Үеийн үед л сайн талыг нь харахгүй улс төржүүлж унагаадаг, өнөө маргаашаа харсан шийдвэртэй холбоотойгоор зогсоодог. Мөнгө санхүүгийн асуудал гэж яриад байгаа хэдий ч аль тавдугаар сард байгуулагдсан төслийн нэгж нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй явж байгаа. Уг нь ТЭЗҮ гэх мэтчилэн өндөр ач холбогдол өгч ажиллах ёстой зүйл. Зогсоож байгаад үнэхээр харамсаж байна. Манай нийгмийн байгаа байдал л энэ байна. Ирээдүйгээ харах юм бол усгүй амьдарна гэдэг үнэхээр бэрх. Түүнийг харж чадсангүй. Байгаль, усны нөөц, Сэлбэ орчмын барилгажилт зэргээ томоор нь харж ойлгож чадахгүй байна.
-Төслөө цаашид үргэлжлүүлэх үү? -Нэгэнт сэтгэл зүрхээ өгсөн болохоор шууд би болилоо гэж хэлэхгүй. Анхнаасаа миний зорилго мөнгө байгаагүй. Яригдаад байгаа мөнгө ч гэсэн Монголд орж ирсэн зүйл байхгүй. Хийе, болгоё, Сэлбэ голоо аваръя л гэж бодсон. Зүгээр ч нэг орхиод явчихмааргүй л байна. Монголчууд нь байя гэхэд ОУ-ын байгууллагууд нь дуугараад эхэлсэн. Өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг хэлсэн. Гол нь иргэн төвтэй нийслэл байх ёстой гэдгээ ойлгодоггүй юм байна. Бид ногоон байгууламжийн хэрэгцээгээ авч чаддаггүй. Нийгэмд нөлөөлж байгаа ногоон байгууламжийн нөлөө ямар үр дүнтэйг мэдэхгүй байна. Бүх зүйлийг бүхлээр нь харахгүй, тохижилт гээд уур амьсгалыг өөрчилж иргэдийн оролцоотойгоор татаж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотод амьдардаг хүн бүрийн тоо жилийн жилд 35 мянгаар нэмэгдэж байхад өндөр ач холбогдолтой зүйлээ харахгүй байна. Бид дэлхийд бүх юмаараа тэргүүлж байж ач холбогдолтой зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сэлбэ голоос гадна дагуул жижиг голууд ширгэх нь бидний ундны усны нөөцтэй холбоотой асуудал шүү дээ. Сургууль эмнэлгийн хэрэгцээ байгаа ч гэсэн усгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй. Ийм тос зүйлийг том зургаар нь харахгүй зүгээр л нэг тохижилтын асуудал мэтээр ярьж байгаа хүмүүс цаашдаа бодох байх. Аюулын харангаа тэртээ тэргүй дэлдээд ороод ирнэ дээ.
-Төсөлд санхүүжилт олгохоор болсон ОУ-ын байгууллагуудтайгаа холбогдсон уу? -Одоогоор холбогдоогүй байна. БНСУ зураг төсөлтэй холбоотойгоор зургийг нь бидэнд үнэ төлбөргүй хийгээд өгсөн. Яг үнэндээ монгол хүний сэтгэл дутсанаас гадаад хүний сэтгэл дутаагүй. Энэ төслийг хараад Сэлбэ гол дээр очиж танилцсан гадаад улсын инженерүүд Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудал байна гэж хэлсэн. Улс төр болоод иргэдийн оролцоотойгоор хийх ёстой юм байна гэсэн. Гаднын мэргэжилтнүүд улс төрийн чиг баримжаа, нийгмийн хандлагыг харчхаад тэд толгой сэгсэрч байсан. Төр нийгмийн оролцоотойгоор энэ төслөө явуулахгүй ашиг харж есөн жил гацаасан. Усны нөөцийн асуудал бол улсын асуудал ч гэж хэлсэн. Гол нь нөхөр Цэцэг биш Улаанбаатарт бүртгэлтэй сая 700 мянган иргэний ундны усны асуудал яригдаад явна. Үүнийгээ ч гэсэн ярихгүй байгаад гадаадынхан гутарч байсан. Тэд бид нарыг бодох юм бол арай өөрөөр байгаль дэлхийгээ хардаг юм билээ. Эхний зүйлүүдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулалгүйгээр нөхцөл байдлыг бий болгосон байсан. Эх сурвалж: eguur.mn













